Про подкаст №74 ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААР
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Болормаатай "Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар" ярилцлаа.
Хөдөлмөрийн хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ:
үл ялгаварлан гадуурхах;
хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах;
дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох;
албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох;
барьцаа хэрэглэхгүй байх;
эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах;
шударга бус үйлдлийг хориглох;
нийгмийн түншлэлийг хангах;
хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах.
Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй.
Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг; ажил үүрэг гүйцэтгэх байршил; цалин хөлсний хэмжээ; хөдөлмөрийн нөхцөлийг заавал тусгана.