card

Прокурорын байгууллагын бэлгэдэл

Прокурорын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 69 дүгээр зүйлд Прокурорын байгууллага бэлгэдэл, далбаа, прокурор дүрэмт хувцас, энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд тэдгээрийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална гэж заасан.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дугаартай зарлигаар “Прокурорын байгууллагын бэлгэдлийн загвар, түүнийг хэрэглэх журам”, “Прокурорын байгууллагын далбааны загвар, түүнийг хэрэглэх журам”, “Прокурорын дүрэмт хувцасны загвар”, “Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам”, “Прокурорын энгэрийн тэмдэгний загвар, түүнийг хэрэглэх журам”-ыг тус тус батлагдсан.

Прокурорын байгууллагын бэлгэдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага болохын агуулгыг илэрхийлсэн байна.

Прокурорын байгууллагын бэлгэдэл нь дугуй хүрээтэй, алдрын цэцгийн навчин дээр суурилсан байх ба төв хэсэгт нь хууль цаазын сүр хүчийг илэрхийлсэн монгол бамбай, сэлэм байна.

Бамбайн цэнхэр өнгө нь Прокурорын байгууллагыг үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг болохыг агуулсан мөнх хөх тэнгэрийг билэгдсэн, бамбайг тойрсон найман товх нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлнэ.

Прокурорын байгууллагын бэлгэдлийн загвар, түүнийг хэрэглэх журам

Иргэн танд

Онцлох мэдээлэл