“СЭЖИГТНИЙГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ХУУЛЬД НИЙЦСЭН БАЙХ ШААРДЛАГА, ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗАРЧИМ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн Нийслэлийн прокурорын газартай хамтран “Сэжигтнийг баривчлах ажиллагаа хуульд нийцсэн байх шаардлага, халдашгүй байх эрхийг хангах зарчим” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Нийслэлийн прокурорын газраас хийсэн “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавьсан байдал” судалгааны үр дүнд тулгуурлан, сэжигтнийг баривчлах ажиллагаанд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах, шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны онцлог, хууль хэрэглээний практик асуудал зэргийг хөндсөн онцлог сургалт боллоо.

Сургалтад аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокурорууд болон Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нар танхим болон цахим хэлбэрээр хамрагдлаа.
