М.ЧИНБАТ: ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ

A- A A+
М.ЧИНБАТ: ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ

Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган”-д тавьсан илтгэлээс хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулан, эрх зүйн шинэтгэл хийгдэж буй энэ цаг мөчид Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулган” зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Бид өнөөдөр нэгэн дор цугларч, өөрсдийн өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэн, гарц шийдлийг эрэлхийлж, цаашид хуульчид, хууль сахиулагчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэ нь нэг талаас хууль тогтоомжийн хүрээнд эрхээ хамгаалуулах учиртай ард иргэд, нөгөө талаас хууль дээдлэх зарчимд тулгуурлан хүний эрхийн манаанд зогсож буй Та бидний ажлын уялдаа холбоо, хийдэл, бусад өргөн хүрээтэй асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэн, мэргэн шийдэлд хүрэх боломж юм.

Гагцхүү эрх зүйт төр, шударга нийгэм нь хүний ажиллаж амьдрах урам зориг, бүтээлч хандлагыг хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол түлхүүр болдог.

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан түүхэн замналын явцад прокурорын байгууллагын үндэс суурь тавигдаж, төр, олон нийт, хууль шүүхийн байгууллага, хоршоолол, аж ахуйн бүх байгууллага албан тушаалтан, иргэдийг хууль хэрхэн биелүүлж байгааг хянаж шалгадаг өргөн хэмжээний эрх, үүргийг хэрэгжүүлж, өнгөрсөн зууныг үдсэн ч засаж сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх цөөнгүй асуудал байсан нь бидний шинэтгэлийн эрин үеийн эхлэл тавигдах томоохон шалтгаан болсон.

Ийнхүү дэлхий нийтийн чиг хандлагын дагуу ардчилсан шинэ Үндсэн хуульд “прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” үндсэн чиг үүрэгтэйгээр тусгагдаж, төрийн эрх мэдэл хоорондын тэнцвэрт байдлыг хангах зарчмын хүрээнд Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч чухал субъект, бие даасан тогтолцоо бүхий хараат бус байгууллага болж хөгжсөн билээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл санаа, суурь ухагдахуун болох хүний эрх, эрх чөлөө, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа хүчин зүтгэх нь та бидний чухал үүрэг.

Бидний хэрэгжүүлж байгаа эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж нь нэн тэргүүнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэж, хүний эрхийг хөндөж, хязгаарладаг мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан зохицуулж, эдгээр бүхий л ажиллагаа прокурор, шүүхийн зөвшөөрлөөр явагддаг болон хөгжиж байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахгүй байх ёстой гэвэл хэт хийсвэр төсөөлөл болох биз ээ. Гэхдээ эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан хэрэг, зөрчил бүрийг шуурхай илрүүлэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж, шударга ёсыг тогтоох, хууль, эрх зүйд зохицон амьдрах нь нийгмийн амьдралын ердийн хэм хэмжээ, зайлшгүй шаардлага гэдгийг олон нийтэд ойлгуулахад ач холбогдолтой билээ.

Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх үүднээс хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хүлээлгэх хариуцлагыг өмнө нь 220 гаруй хуульд 630 гаруй заалт болгон тусгасан байсныг нэгтгэн төрөлжүүлж, Зөрчлийн тухай хуулийг баталснаар дээр дурдсан олон хуулийн хариуцлагын заалт амилж, хууль дээдлэх зарчим бодитой хэрэгжих боломж бий болсон.

Уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг прокурорт хариуцуулснаар, хууль нэг мөр хэрэгжих, зөрчил шалгах ажиллагаанд хүний, эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалсан төдийгүй, тухайн ажиллагааг нэг арга барилаар, нэг стандартаар явуулах нөхцөл бүрдсэн.

2019 онд 1,8 сая, 2020 онд 2,2 сая, 2021 оны хагас жилд 758,416 зөрчил үйлдэгдсэнийг эрх бүхий 32 байгууллагын 10,513 албан тушаалтан шалган шийдвэрлэж, нийт 66 прокурор хяналт тавьж ажилласан байна.

Нийт зөрчлийн 97.4 хувийг цагдаагийн байгууллага, 0.4 хувийг мэргэжлийн хяналтын байгууллага, 0.3 хувийг татварын байгууллага, 0.2 хувийг гадаадын иргэн харьяатын газар, 1.7 хувийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бусад байгууллагууд шалган шийдвэрлэжээ.

Бүртгэгдэж, шалгагдсан нийт зөрчлийн 91.4 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол 4 хувийг Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.5 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 0.1 хувийг Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил тус тус эзэлж байна.

Зөрчлийн тухай хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага ихэслээ, торголоо, шийтгэлээ гэх шүүмжлэл сүүлийн жилүүдэд нийгэмд газар авч байгаа боловч үнэн хэрэгтээ сүүлийн 3 жилд үйлдэгдсэн 4.9 сая зөрчлийн 91.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Гэвч Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд 2,8 сая зөрчилд оногдуулсан 66 тэрбум төгрөгийн торгууль биелэгдээгүй байгаа нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх гэсэн үзэл баримтлалтай нийцэхгүй байгааг бид анхаарах ёстой. Оногдуулсан шийтгэл бүр биелдэг байх нь нийгэмд шударга ёсны тогтолцоо бэхжих гол үндэс болно.

Монгол Улсын хэмжээнд 2019 онд 49,394, 2020 онд 34,879, 2021 оны эхний хагас жилд 14,430 гэмт хэрэг үйлдэгдсэнийг эрх бүхий 3 байгууллагын нийт 1845 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 287 прокурор хяналт тавьж ажилласан байна.

Сүүлийн 3 жил шалгасан нийт хэргийн 97.9 хувийг цагдаагийн байгууллага, 1.7 хувийг Авлигатай тэмцэх газар, 0.2 хувийг тагнуулын байгууллага тус тус шалгасан байна.

Нийт хэргийн 22.3 хувийг хулгайлах, 24.3 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 16.6 хувийг залилах гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь хамгийн их бол хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 1.9 хувийг, авлигын гэмт хэрэг 1.6 хувийг, мөнгө угаах гэмт хэрэг 0.5 хувийг тус тус эзэлж байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар гэмт хэргийн тоо жилд 20-30 хувиар буурсан боловч Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй авлига, мөнгө угаах, хар тамхи, хүн худалдаалах, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргүүд жилээс жилд өсөж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн нэгдмэл бодлогыг улам боловсронгуй болгож, эрчимжүүлэх шаардлагыг бий болгож байна.

Ялангуяа техник, технологийн дэвшил, хөгжил нь нийгэмд шинэ боломж олгохын зэрэгцээ бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байгаагийн нэг нь Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд жил бүр 30-43 хувиар өсөж байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын 2817 гэмт хэрэгт 2000 албан тушаалтан шалгагдаж, жилд дунджаар 8.3 хувиар, мөнгө угаах 567 хэрэг шалгагдаж, жилд дунджаар 11.4 хувиар тус тус өсчээ.

Авлига, мөнгө угаах гэмт хэргүүд нь улс дамнасан шинжтэй болж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буцаан авах, нотлох ажиллагааг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн туслалцааны хүсэлт явуулах замаар нотлох баримтыг цуглуулж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч энэ төрлийн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зарим хүндрэл, бэрхшээл үүсэж байгааг дурдах нь зүйтэй.

2020 оны байдлаар гадаад улсад мөрдөн шалгах тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 22 улсад эрх зүйн туслалцааны хүсэлтийг хүргүүлснээс 2021 оны эхний 5 сарын байдлаар  нийт хүсэлтийн 20 хувьд нь 2 сараас 1 жил 3 сарын дараа хариу ирүүлсэн байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, цаг хугацаа алдах, нотлох баримтын үнэ цэнэ алдагдах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Иймд эрх зүйн туслалцааны хүсэлт хамгийн их хүргүүлдэг зарим улс орнуудтай цахим хэлбэрээр хүсэлтийг хүргүүлж, хариуг шуурхай авах талаар прокурорын байгууллага холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 830 хэрэг сүүлийн 3 жилд шалгагдаж, 2 жилийн хугацаанд дунджаар 20.1 хувиар буурсан боловч энэ төрлийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүний 68 хувь нь 18-30 насны залуус байгаа нь анхаарал татаж байна.

Хүн худалдаалах 85 гэмт хэрэг сүүлийн 3 жилд шалгагдаж, жилд дунджаар 5.8 хувь өссөнөөс 8.8 хувь нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн, 70 хувь нь Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг үйлдэхдээ, арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн хэрэг байна.

Дээрх төрлийн гэмт хэргүүд нь арга барил, хэв шинжийн хувьд илүү зохион байгуулалттай, бусад төрлийн гэмт хэргүүдтэй хавсарсан, улс дамжсан хэлбэртэй, нууц далд аргаар үйлдэгдэж байгаа тул энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, хянан шийдвэрлэх шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнүүдийг шинэчлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгааг цохон тэмдэглэе.

Прокурорын байгууллага дээрх төрлийн гэмт хэргүүдэд хяналт тавих чиг үүрэг бүхий бүтцийг бий Нийслэлийн прокурорын газарт бий болгон ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлж, шүүмжлэл дагуулж буй зүйлийн нэг бол эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал юм. Хүн бүр төрөлхийн заяасан нэр хүндтэй, хууль ёсны эрхтэй, түүнийгээ хамгаалуулах эрхтэй билээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Ромын дүрмийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, албан ёсоор нэгдэн орохдоо дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг дүрэмд хүний эрхийн зөрчлийн тулгамдсан асуудал болсон эрүүдэн шүүх гэмт хэргийг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бус Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцдогийг ч зайлшгүй анхаарах шаардлагатай.

Прокурорын байгууллага “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийг 2019 онд байгуулан ажиллаж байна. 2021 оны эхний хагас жилд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 105 бүртгэгдсэн боловч сүүлийн 3 жил жилд дунджаар 44-50 хувиар буурчээ.

Улсын ерөнхий прокурорын тушаалаар “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг баталж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөг дуу, дуу-дүрсний бичлэг хийх тоног төхөөрөмж, хяналтын системээр тоноглох шаардлагыг хангуулснаар нэг талаас хэргийн оролцогчид эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх, нөгөө талаас хэргийн оролцогчдын зүй бус харьцаа, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлгүй гомдлоос хууль сахиулах байгууллагын алба хаагчид та бүхнийг хамгаалах чухал ач холбогдолтой.

Цаашид энэ төрлийн гэмт хэргийг бүрэн гүйцэт шалгаж шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой.

Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дан ганц төрийн байгууллагын хүсэлтээр оролцдог байсан явцуу чиг үүргийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 2017 оны Прокурорын тухай хуульд захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцохоор заасан нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үйл хэрэгт бодитой дэвшил болсон.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор бие даан нэхэмжлэл гаргах зохицуулалт байхгүй байсан тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсний үр дүнд зохих өөрчлөлт орж, 2022 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжихээр болоод байна.

Улсын ерөнхий прокурорын газрын бүтцэд Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албыг 2019 онд шинээр байгуулсан. 2016-2018 онд төрийн байгууллагаас прокурор 1331 хүсэлт хүлээн авч, иргэний 915 шүүх хуралдаанд оролцож байсан бол 2019-2021 онд төрийн байгууллагаас 4147 хүсэлтийг хүлээн авч, нийт 3211 шүүх хуралдаанд оролцсон нь 3 дахин өссөн байна. Үүнээс зөвхөн өөрийн санаачилгаар прокурор 994 хэрэг маргаанд оролцсоныг онцлох нь зүйтэй.

Прокурор зөрчлийн болон эрүүгийн хэргийн улмаас учирсан 376.4 тэрбум төгрөгийг, иргэний эрх зүйн бусад маргааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 346.2 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлж, төрд учирсан хохирол нөхөн төлөгдөх, төр өөрийн өмчөө эргүүлэн авах боломжийг бүрдүүлсэн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад нөлөөлөх гол асуудлын нэг бол шүүх эрх мэдэл болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хараат бус, бие даасан байдлыг хангах явдал юм.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, эх сурвалжийг тодорхой шатанд нууцлах, үнэн, зөв бодит мэдээлэл, няцаалт, тайлбарыг цаг алдалгүй нийтэд хүргэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төр иргэний харилцааг сайжруулах нь зүйтэй.

Прокурорын байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллага хүлээн авсан үеэс шүүхээр шийдвэрлэгдэж, тэрхүү шийдвэр биелэгдэж дуусах хүртэл бүхий л үе шатанд оролцож, үйл ажиллагааг нь холбож, тодорхой шийдвэрүүдийг гаргадаг чиг үүрэгтэй.

Бид бүхний алхам бүрийн ард, хүлээн авч шалгаж байгаа, хянан шийдвэрлэж байгаа хэрэг бүрийн ард, гүйцэтгэж байгаа шүүхийн шийдвэр бүрийн ард  Төрт ёсны нэр хүнд, иргэдийн төрөө дээдлэх, шударга ёсонд итгэх итгэл найдвар байдгийн зэрэгцээ хүний аж амьдрал, хувь заяа, ирээдүй байгаа гэдгийг ямагт санаж, анхаарч ажиллах нь чухал юм.

Нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, зөвхөн хууль, эрх зүйгээр хязгаарлалгүй эдийн засаг, техник технологийн болон бусад салбарын талаар өргөн мэдлэгтэй байж, эзэмшсэн мэргэжилдээ улам бүр мэргэших зүй ёсны шаардлага урган гарч байна. Ард иргэд ч та биднээс үүнийг үргэлж шаардсаар байх болно.

Бидний мэргэжил хүн төрөлхтний түүхэнд бий болохдоо шударга ёсыг эрэлхийлсэн хүмүүсийн хүсэл мөрөөдөл, итгэл зүтгэлээс урган гарсан байдаг. Шударга ёсыг маш товчхон тодорхойлбол “Үнэний төлөө, алагчлалгүй, зөв хэрэгжүүлэх үйл хэрэг” юм.

Иймд бид гагцхүү хуульд захирагдаж, шударга ёсыг баримталбал улс эх орон, нийгэмдээ мөнгөөр хэмжигдэхгүй хувь нэмэр оруулж, үйл хэрэг маань үнэ цэнтэй байж чадна.

Бид бүхний эрхэм зорилго бол Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг тогтоох, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, иргэд аюулгүй, итгэл үнэмшилтэй, эрх чөлөөтэй амьдрах нийгмийг бүтээх явдал тул энэ чиглэлээр бид хамтран ажиллаж, харилцан арга туршлага солилцож, иргэдэд нээлттэй, ил тод байх зарчмыг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэргийн цахим бүртгэл, цахим мэдээллийн санг бий болгох талаар Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хорооноос гаргасан тогтоол, шийдвэр бүрэн хэрэгжээгүй байна.

Өнөөдрийн байдлаар эрүүгийн хэргийн цахим бүртгэлд цагдаагийн байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд холбогдсон байгаа бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын тухайд, зөвхөн цагдаагийн байгууллага цахим сүлжээгээр прокурорын байгууллагатай холбогдсон байна.

Иймд шүүх, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

1.   Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч шүүх, хуулийн байгууллагууд хууль хэрэглээний талаар нэгдсэн ойлголтгүй, хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга хэлбэрийг өөр өөрөөр тодорхойлон хэрэглэж байгаа нь иргэд, оролцогчдыг чирэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, ажлын ачаалал нэмэгдэх, цаашлаад хууль дээдлэх зарчим нэг мөр хэрэгжихгүй байх сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй тул Улсын Дээд Шүүхээс хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах замаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь чухал юм.

Үүнтэй уялдуулан хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглээ, эрх зүйн шинэтгэлийн агуулга, ач холбогдол, үр нөлөө, Олон улсын чиг хандлага, үндэсний бодлогыг таниулах чиглэлээр цогц хөтөлбөрийг боловсруулж, шүүх эрх мэдлийн байгууллага, хуульчдын нэгдсэн сургалтыг тогтмол зохион байгуулах нь нэн  тэргүүний шаардлага болж байна.

Дээрх чиглэлээр ажил хэрэгч уулзалт, зөвлөгөөн, сургалтын арга хэмжээг тодорхой үе шаттай, үр дүнтэй зохион байгуулснаар шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, уялдаа холбоо сайжирна гэж үзэж байна.

2.    Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад дан ганц прокурорын санаачлага хангалттай бус бөгөөд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг чиг үүргийнхээ хүрээнд, түүнчлэн төрийн бусад байгууллагууд нийтийн ашиг сонирхол, төрд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар прокурорын байгууллагыг холбогдох мэдээллээр хангах, хүсэлт ирүүлэх, хамтран ажиллах идэвх санаачлага гаргаснаар төр, нийтийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах ажил илүү үр дүнд хүрэх болно.

3.     Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргасан. Жагсаалтаас гарах гол хүчин зүйлүүдийн нэг нь авлига албан тушаалын, хүрээлэн буй орчны эсрэг, залилах зэрэг гэмт хэргийг шийдвэрлэсэн байдалд ахиц гаргаж, бусад орны хуулийн байгууллагатай хамтран ажилласан байдал, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааны үр дүн сайн байсантай холбон дүгнэсэн.

Иймд бид 2023 онд дараагийн тайланг хамгаалахтай холбогдуулан, эрсдэл бүхий нөхцөл байдлуудыг арилгах талаар өөрсдийн хариуцсан чиглэл бүрээр боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэж байна.