Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр:
Прокурорын байгууллагаас 2021 онд 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Прокуророос давхардсан тоогоор нийт 2.023.146 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Нийт зөрчлийн хэргийн 97,5 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар өссөн байна.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 647, өөрчлөлт оруулахаар 139 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 58.581 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 1022 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 9681 удаа үйлдэгдсэн нь 4,1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2225 гарсан нь 21,8 хувиар тус тус өссөн бол Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2454 удаа үйлдэгдэж 1,4 дахин өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9673 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурчээ.
Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр бүртгэгдсэн Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх нийт 27 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллаа. Үүнээс 13 нь Хэнтий аймагт, 14 нь Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдэж, эрх бүхий албан тушаалтнаас 25 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзан, 2 хэргийг шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.
Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа явуулах тухай 4725 саналыг хянаж, 4723 зөвшөөрөл олгов. Нийт зөвшөөрлийн 1,4 хувь нь орон байранд үзлэг хийх, 18,8 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 79,1 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 0,5 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 395 шалгалт хийхэд 3214 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 112 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 298 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба