Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон үзүүлэлт:
Прокурор 2021 онд гэмт хэргийн талаарх 71.040 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 35.657 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 30.296 гомдол, мэдээлэлд хэрэг нээн шалгууллаа.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 72,1 хувь нь Нийслэлд, 27,9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэл өнгөрсөн оноос 2428 буюу 3,5 хувиар өсжээ.
Прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 49.238 хэрэгт хяналт тавьснаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал нь тогтоогдсон 10.380 хэрэг буюу 21,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох хүнийг яллагдагчаар татаж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй 15.183 хэргийг буюу 30,8 хувийг хааж шийдвэрлэсэн байна.
Мөрдөн байцаалтын 21.242 хэрэгт хяналт тавьж, 12.688 буюу 59,7 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол хуульд заасан хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон 1668 хэргийг буюу 7,9 хувийг нь хэрэгсэхгүй болгож, яллагдагч хүнд өвчнөөр өвчилсөн, оргон зайлсан болох нь тогтоогдсон 56 хэргийг буюу 0,3 хувийг нь түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг өмнөх оноос 1 хувиар өсч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүн 22,1 хувиар буурсан байна.
Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийт 1668 хэргийн 12,8 хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй”, 3,6 хувийг “гэмт хэргийн шинжгүй”, 4,1 хувийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол бусад хэргийг “сэжигтэн, яллагдагч нас барсан”, “сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” зэрэг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Харин 1476 яллагдагчид холбогдох 1257 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, 17 хүртэлх насны 45, 18-30 насны 561, 31-44 насны 625, 45-аас дээш насны 245 хүн өршөөлд хамрагдсан бол хүйсийн хувьд 83,5 хувь нь эрэгтэй, 16,5 хувь нь эмэгтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн дийлэнх буюу 61,9 хувийг Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг эзэлж байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нийт 12688 хэргийн 4679 буюу 36,9 хувь нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэг байна.
Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нийт хэргийн дийлэнх нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 2882, Өмчлөх эрхийн эсрэг 888, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 217, Хүрээлэн байгаа орчны эсрэг 157, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 148, Авлигын 40 гэмт хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэв.
Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 20.851.913.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 641.447.610.000 төгрөгийн хөрөнгийг битүүмжлэв. Прокурор гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 81.224.537.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллаа.
Улсын хэмжээнд 2021 онд авлига, албан тушаалын 1344 хэрэг шалгагджээ. Үүнээс прокурор 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 52,2 хувиар өсөв. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт нийт 466 албан тушаалтан холбогдсон байна.
Прокуророос хяналт тавьсан нийт Авлигын гэмт хэргийн 60 хувь нь Нийслэлд, 40 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ аймагт хамгийн их бүртгэгджээ.
Авлигын хэргийн 62,7 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.
Мөнгө угаах 329 хэрэгт хяналт тавьж 41,9 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Прокуророос хяналт тавьсан Мөнгө угаах нийт гэмт хэргийн 21,8 хувь нь Залилах, 6 хувь нь Авлига, 25,2 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 1,8 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
Улсын хэмжээнд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 94 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 6,9 хувиар буурчээ. Эдгээр гомдол, мэдээллийг прокуророос хянаад гэмт хэргийн шинжгүй 60 гомдол, мэдээлэл буюу 63,8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй 26 гомдол, мэдээлэл буюу 27,6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгууллаа. Үүнээс 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэв.
Прокурор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 210 хэрэгт хяналт тавьж, 266 яллагдагчид холбогдох 164 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна. Тодруулбал, 3 хувь нь 17 хүртэл, 2,7 хувь нь 45-аас дээш, 22,7 хувь нь 31-44, 71,5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 91,5 хувь нь эрэгтэй, 8,5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Прокурор Хүрээлэн байгаа орчны эсрэг 1086 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 725 хүнд холбогдох 531 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй 226 хэргийн хэрэг бүртгэлтийн хааж, гэмт хэргийн шинжгүй болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь тогтоогдсон 2 хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 4 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг орон нутагт 958, Нийслэлд 128 бүртгэгдсэн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн зүйлчлэлээр нь авч үзвэл Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 425, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 422, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 118 үйлдэгдсэн нь хамгийн их байна.
Прокуророос 2021 онд хүүхэд хохирсон 1907 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 1,4 хувиар буурчээ.
Хүүхэд хохирсон гэмт хэргийн 1297 буюу 68 хувь нь Нийслэлд, 610 буюу 32 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас нийт 2061 хүүхэд хохирогчоор тогтоогдсоноос 7,1 хувь нь 8 хүртэлх, 28,6 хувь нь 8-13, 64,1 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 1061 эрэгтэй, 1000 эмэгтэй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.
Хүүхдүүд Хулгайлах, Дээрэмдэх, Залилах зэрэг гэмт хэргийн улмаас хамгийн их хохирсон байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг 644, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 553, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 542, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 112 гэмт хэргийн улмаас хохирчээ.
Прокурор Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 765 хүнд холбогдох 761 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Прокурор Хүн худалдаалах 35 хэрэгт хяналт тавьж, 8 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппоро төв болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хөдөө аж ахуй буудлын орчим энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгджээ.
Прокурорын байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуультай холбоотой 8 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан ба 7 гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдогчийг яллагдагчаар татан шалгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба