Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээний айлчлалын хүрээнд гадаад улсын ерөнхий прокуроруудтай уулзалт хийв.
Энэхүү ойн арга хэмжээнд Монгол Улсаас гадна Итали, Бельги, Аргентин, Бразил, Норвеги, Арабын Нэгдсэн Эмират, Бүгд Найрамдах Босни ба Херцеговина, Египет, Грек зэрэг 30 гаруй улсын ерөнхий прокурор, төлөөлөгчид оролцож, 2 талт уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхий прокурор, төлөөлөгчидтэй уулзаж, тухайн улсын прокурорын байгууллагуудтай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хамтран сургалт зохион байгуулах зэргээр олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тодруулбал, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академид прокурорын байгууллагын тодорхой тооны прокурор, ажилтныг сургалтад хамруулж, тус улсын хууль, эрх зүйн тогтолцоо, прокурорын хяналтын ажлын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох асуудлыг ярилцлаа.
Мөн Олон Улсын Прокурорын Холбооны ерөнхийлөгч ноён Хван Чеол гьютэй уулзалт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр прокуроруудын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус холбооны болон Монголын прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэж, санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба