ШҮҮХИЙН шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлж 893 шалгалт хийлээ
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон үзүүлэлт:
Прокурор 2021 онд хорих ял эдэлж байгаа 6800, цагдан хоригдсон 5400, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 14500, албадан саатуулагдсан 5000, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 13200, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 8500, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан 5900 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.
Хяналтын ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 6142 удаа танилцаж, 893 шалгалт хийлээ.
Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1850 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар 178 прокурорын шаардлага бичиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй 65 албан хаагчид сахилгын, 1 алба хаагчид Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцуулав.
Түүнчлэн эрх нь зөрчигдсөн 50 хоригдол, ялтан, этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээлээ. Тухайлбал, цагдан хорих, баривчлах байранд тогтоол шийдвэргүй хоригдсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн 6 хүнийг прокурорын тогтоолоор суллалаа.
Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлж хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах, өвчний учир ялаас чөлөөлөгдөх, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэл тогтоогдсон зэрэг 7070 ялтны ял эдлүүлэх ажиллагаанд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар 1757 хоригдлыг ял эдлүүлэх ажиллагаанд 5176 дүгнэлт бичсэн нь нийт бичсэн дүгнэлтийн 73,2 хувийг эзэлж байна.
Хорих ял эдэлж байсан нийт хүний 45,9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба