ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн хүчирхийлэл” сэдэвт сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын албаны хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Хүчиндэх гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийг шалгах аргачлал, анхаарах асуудал”, “Далд хүчирхийлэлд байгаа хүүхдийг таньж илрүүлэх” сэдвүүдээр сургалтыг явуулсан байна.

Сургалтад тус сум дахь сум дундын шүүх, прокурор, цагдаагийн хэлтэс, орон нутгийн өмгөөлөгч, Сайхан, Баруунбүрэн, Сант, Орхонтуул, Орхон сумдын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эмч, дотуур байрны багш, сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан, өрхийн эмч, олон нийтийн байцаагч, хэсгийн байцаагч зэрэг 90 орчим албан тушаалтнууд хамрагджээ.