ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2022 ОНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2022 ОНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөн 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Нэгдсэн зөвлөгөөнд Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын нийт 60 орчим удирдах ажилтнууд оролцсон бөгөөд зөвлөгөөний үйл ажиллагааг бусад прокуроруудад цахимаар шууд дамжуулан хүргэлээ. 

Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагаас 2021 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого чиглэл, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ болон өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-аас гарсан санал дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт зэрэг  асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа болон Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд ирж мэдээлэл хийсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. 

Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан нийт прокурор, ажилтнуудад үүрэг даалгавар өгч, прокурорын сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, мэргэжлийн алдаа гаргахгүй байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн 2021 онд бусдыгаа манлайлан ажилласан Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн прокурорын газруудыг болон Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр, Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаа нарыг шагнаж, урамшуулаа. 

Прокурорын байгууллагаас 2022 онд байгууллагын үйл ажиллагааг их өгөгдөлд суурилсан бодлогын инновациар удирдах; Хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх; Прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод нээлттэй, хялбар болгох; Прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, нийгмийн хөгжлийн шинэ хандлагад нийцсэн хувь хүнийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.