Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Аварзэдтэй ярилцлаа.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын гол зорилго юу байсан бэ?
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийх тухай санал тавьж, улмаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран өнгөрсөн оны сүүлээр энэхүү шалгалтыг хийсэн. Түүх соёлын үнэлж баршгүй дурсгалтай, “Боржигон” нутгийн соёлын үнэт өв, дурсгалын зүйлтэй нэг бүрчлэн үзэж танилцах, хамгаалах, хууль бус хайгуул, малтлагаас урьдчилан сэргийлэх, соёлын өвийг хамгаалахад иргэдийг татан оролцуулах, устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, шинээр илрүүлж бүртгэлжүүлэх, мэдээллийн санг шинэчлэх зорилгоор энэхүү шалгалтыг хийсэн юм.
Хамтарсан ажлын хэсэгт хэчнээн байгууллага оролцсон бэ? Шалгалтын хүрээнд ямар ажил хийсэн бэ?
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Бүрэлдэхүүнд нь аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Тагнуулын тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, “Боржигон өв” музей, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлийн албан тушаалтнууд ажилласан. Ажлын хэсгээс Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байгаа аймгийн мэдээллийн санд бүртгэлтэй 70 орчим газрын 500 гаруй дурсгалд хяналт шалгалтыг хийсэн.
Энэ удаагийн шалгалтын явцад дөрвөн газрын 58 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг шинээр олж илрүүлсэн. Эдгээрт тэмдэг, тэмдэглэгээ, хэмжилт, тодорхойлолт бичиж, газрын нэршил, солбицлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон, түүх соёлын үл хөдлөх 11 газрын дурсгалуудын зургийг дроноор авч бүртгэн баримтжуулсан нь чухал ажил болсон.
Иргэдийн буруутай үйлдлээс болж түүх дурсгалын хосгүй үнэт дурсгалууд устаж үгүй болох аюулд ороод байгаа гэж ярих болсон. Шалгалтын хүрээнд ямар зөрчлүүд илэрсэн бэ?
Тиймээ. Харамсалтай нь иргэдийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор түүх дурсгалын хосгүй үнэт дурсгалууд эвдрэх, устах аюултай нөхцөл байдалд орж байгаа нь шалгалтаар илэрсэн. Тухайлбал, тус аймагт байдаг “Цагаан дарь эх”, “Шарав арилд” бурхан, “Зараагийн зүүн өвөр” дэх хүн чулуу, “Гүйлстийн энгэр” дэх бичгийн дурсгал зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалуудад иргэд сүү, цагаан идээ өргөх, өөх тос түрхэх, ойр орчинд нь шашны зан үйл үйлдэх, зөвшөөрөлгүйгээр сэргээн засварлаж будах зэргээр чанар байдлыг нь дордуулсан байсан. Мөн зарим хиргисүүр дээгүүр авто зам дайрч гарсан, хатуу хучилттай зам тавигдаж устаж үгүй болсон тохиолдол ч гарсан байна. Түүнчлэн үерийн усанд эвдэгдэж устаж болзошгүй Хүннүгийн үеийн гурван булш байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Хэзээ ухагдсан нь тодорхойгүй 18 хиргисүүр, хөндөгдөж ухагдсан есөн булш байсныг шалгалтын үеэр олж илрүүлсэн.
Иргэд эртний олдвор, эд өлгийн зүйлийг зарж худалдаалдаг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болсон. Шалгалтын дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Хамтарсан шалгалтын дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ажлын хэсэг, аймаг, сумдын Засаг дарга нар оролцсон хурлаар хэлэлцүүлсэн. Цаашид түүх соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийг хаягжуулах, тэмдэгжүүлэх, сэргээн засварлах, авран хамгаалах, малтлага судалгаа хийх зэрэг ажилд зарцуулагдах төсвийг аймаг орон нутгаас шийдвэрлүүлж байхаар болсон. Түүх, соёлын дурсгалт зүйл иргэдийн буруутай үйл ажиллагаанаас устаж үгүй болох, чанар байдлаа алдах тохиолдол ихээхэн гарч байгаа учраас үүнд онцгой анхаарч, иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ажлын хэсгээс шалгалт, судалгааг хийх явцдаа түүх соёлын дурсгалт зүйлээ хайрлан хамгаалах, аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгөх зэргээр устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, хайрлан хамгаалж байх талаар орон нутгийн иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэж ажилласан. Мөн түүхэн дурсгалт өвийг хайрлан хамгаалж байгаа иргэдийг урамшуулж байх асуудлыг ч шийдвэрлэхээр болсон.
Түүх дурсгалын үнэт өвийг иргэд зарим тохиолдолд санаандгүй байдлаар устгачихдаг гэж байсан. Тиймээс иргэдэд энэ талаар анхааруулга өгөөч?
Иргэд хэдий үеийн ямар түүх соёлын дурсгалт зүйл байсныг мэдэгдэхгүй болтол нь сүү, шар тос, цагаан идээгээр “будчихдаг”. Энэ нь устаж үгүй болох гол үндэс болж байгааг мэргэжлийн хүмүүс хяналт шалгалтын үеэр ярьж байсан. Тиймээс аймаг бүрийн төрийн байгууллага, нутгийн иргэдтэйгээ хамтран түүх соёлын дурсгалт зүйлсээ хайрлан хамгаалж, үр хойчдоо бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээе гэж уриалмаар байна.
Эх сурвалж: Өглөөний сонин 2022.03.17 №049 (3604)
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба