Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн талаар болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаатай холбогдуулан тус прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлалыг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Мөн тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Мөрдөн шалгах ажиллагааны нууцлал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Тус сургалтад дүүргийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд болон дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөгч зэрэг нийт 60 гаруй ажилтан, албан хаагчид хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба