Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран “Улсын тусгай хэрэгцээний газарт ойн дагалт баялаг бэлтгэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулжээ.
Тус зөвлөгөөнд Байгаль орчин аялал жуулчлалын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Дотоод Хэргийн Их Сургууль, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүдээс гадна Сэлэнгэ аймгийн прокурорын газар болон Мандал, Сайхан сум дахь сум дундын прокурорын газар оролцож “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хуш модны самар түүх зорилгоор бусад орон нутгаас иргэд олноор ирж отоглон байрлаж, байгалийн дагалт баялгийг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэх, самар түүх явцдаа улсын хилийг зөрчих зөрчил удаа дараа гарч, өсөх хандлагатай байгаа асуудлыг тус зөвлөгөөнөөр хэлэлцэж, эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй гэж үзэн холбогдох газруудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба