Н.Амарсанаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтээр 10 удаа оролцож иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн

A- A A+
Н.Амарсанаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтээр 10 удаа оролцож иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн

Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Баянхонгор аймгийн прокурорын газраас 2021 онд хийсэн онцлох ажил юу байна вэ?

-Баянхонгор аймгийн прокурорын газраас 2021 онд прокурорын хяналтын чанар үр дүн, зохион байгуулалтыг дээшлүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг хэрэгжүүлэх, прокурор, ажилтны нийгэм, эрүүл мэндийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах, мэдлэг ур чадвар, сургалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг авч ажилласан.

-Баянхонгор аймагт зөрчлийн хэргийн гаралт ямар байна вэ? Өнгөрсөн жил ямар төрлийн зөрчлийн хэргүүд зонхилон үйлдэгдсэн бэ?

-Баянхонгор аймагт 2021 онд хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудаас нийт 4170 зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар буурсан байна. Буурсан шалтгаан нөхцөлийн тухайд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой боловч аймгийн Прокурорын газар болон Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдээс жил бүр хамтран болон дангаар авч хэрэгжүүлж байгаа ажлын бодит үр дүн гэж хэлж болно.

Зөрчлийн 815 хэргээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 41.7 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 24.1 хувийг, Танхайрах зөрчил 22.1 хувийг, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 6.3 хувийг, хулгайлах зөрчил 1.3 хувийг эзэлж байна.

Аймгийн хэмжээнд хамгийн ихээр үйлдэгдэж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан. Энэ төрлийн зөрчлийн хэргийг бууруулж, урьдчилан сэргийлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг, Цагдаагийн газартай хамтран “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя” нөлөөллийн арга хэмжээ, мөн Аймгийн Засаг дарга, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригийг “Автомашин болон тээврийн хэрэгсэлгүй өдөр” болгон зарласнаас энэ төрлийн зөрчлийн хэрэг тодорхой хувиар буурсан.

-Гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ?

-Гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд гомдол, мэдээллийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа. Өөрөөр хэлбэл 2021 онд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас аймаг руу орж гарах хөдөлгөөн, аймаг дотор иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн тусгай чиг үүргийн байгууллагууд ажиллаж багагүй хугацааг өнгөрөөсөн боловч, хаалттай хаалганы цаана үйлдэгддэг ахуйн хүрээний гэмт хэрэг болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, худал мэдээлэл тараах зэрэг гомдол, мэдээллүүд өссөнтэй шууд холбоотой байна гэж дүгнэсэн.
 
-Прокурорын байгууллага төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаа. Баянхонгор аймгийн прокурорын газраас энэ чиглэлээр хийсэн ажлуудаас дурдвал?

- Зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтээр 23 удаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтээр 10 оролцож иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

Прокуророос Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж Төрийн байгууллагуудаас 53 хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, прокурорын санаачилгаар 19 нэхэмжлэл бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Энэ нь төрийн байгууллагаас прокурорыг иргэний хэрэгт оролцуулах тухай хүсэлт 47.2 хувиар, прокуророос өөрийн санаачилгаар нэхэмжлэл бичсэн тохиолдол 18.7  хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна.

-Баянхонгор аймгийн прокурорын газраас иргэдэд мэдээллийг ил тод нээлттэй хүргэх үүднээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Прокурорын байгууллага 2022 онд үйл ажиллагаагаа иргэдэд ил тод, нээлттэй, хялбар болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд ч аймгийн прокурорын газраас мэдээллийн ил тод байдлын хангах үүднээс анхаарч ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж орон нутгийн хамгийн олон дагагчтай “Нэг засаг, Нээлттэй Баянхонгор” пэйж хуудсаар прокурорын байгууллагаас зохион байгуулж буй аливаа ажил, арга хэмжээг иргэдэд тухай бүр нь хүргэн ажиллаж байна.

Мөн аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран “Эрх зүйн хөтөч” хамтарсан студи байгуулах ажлыг эхлүүлсэн.

Ингэснээр хуулийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга хийх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран олон нийтэд чиглэсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах боломж бүрдэх юм.

-Тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Тухайлбал Баянхонгор аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг түгээмэл гардаг. Энэ төрлийн хэргийн шийдвэрлэлт ямар байна вэ?

-Баянхонгор аймаг нь газар нутгийн хувьд байгалийн баялаг ихтэй, үүнийг дагаад хууль бусаар ашигт малтмал олборлох буюу Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нэлээдгүй бүртгэгдэн шалгагдаж гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байна. Мөн тус прокурорын газраас “Ашигт малтмалын тухай хууль”, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” болон уг журамд хязгаарлалт тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 355 дугаар тогтоол зэрэг бусад холбогдолтой хууль, журмын хэрэгжилтийг Баянхонгор аймгийн хэмжээнд шалгаж судалсан.

Шалгалт, судалгааны хүрээнд Сумдын Засаг дарга нартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хууль бусаар байгуулсан нөхцөл байдлыг илрүүлж, цуцлуулах арга хэмжээ авч ажилласан.

Улмаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоож хуулийн хүрээнд шалган шийдвэрлэснээр дээр дурдсан хууль, журам, тогтоолыг тухайн орон нутагт хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2021 онд 3 хэрэгт 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүхээр шийдвэрлүүлсэн. Цаашид хулгайлах болон мал хулгайлах, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн шалтгаануудын нэг болоод байгаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалган шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.

2022 онд цахим орчинд худал мэдээлэл тараах, цахим хэрэгсэл ашиглаж залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргүүд буюу хаалттай хаалганы цаана болон цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн тэр дундаа бага насны хүүхдүүд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Эх сурвалж: arslan.mn