ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТ

A- A A+
ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Прокурорын байгууллагын 2022 оны I улирлын хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ:

  • Хяналт тавьсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 71.9 хувиар өсөв.

Прокурор 2022 оны I улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 31.399 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 13.257 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 7939 гомдол, мэдээлэлд хэрэг нээн, 4565 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгууллаа.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 75,6 хувь нь Нийслэлд, 24,4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 13.133 буюу 71.9 хувиар өсжээ.

  • Хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн хэрэг 7.8 хувиар, мөрдөн байцаалтын хэрэг 38.2 хувиар тус тус өсөв.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 32.502 хэрэгт хяналт тавьснаас 3188 буюу 9.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 3546 буюу 10.9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хааж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаалтын 9002 хэрэгт хяналт тавьж, 4092 буюу 45.5 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол 189 буюу 2.1 хувийг нь хэрэгсэхгүй болгож, 48 буюу 0,5 хувийг нь түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

  • Прокуророос хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн 43.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэгджээ.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийт 189 хэргийн 29,6 хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй”, 6,9 хувийг “гэмт хэргийн шинжгүй”, 7,4 хувийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол бусад хэргийг “сэжигтэн, яллагдагч нас барсан”, “сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” зэрэг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Харин 127 яллагдагчид холбогдох 83 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, 17 хүртэлх насны 12, 18-30 насны 37, 31-44 насны 59, 45-аас дээш насны 19 хүн өршөөлд хамрагдсан бол хүйсийн хувьд 79,5 хувь нь эрэгтэй, 20,5 хувь нь эмэгтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн дийлэнх буюу 71,1 хувийг Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг эзэлж байна.

  • 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 6731 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 298 буюу 4.4 хувьд нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар өссөн, 587 буюу 8.7 хувьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурсан байна.

  • Прокуророос гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан 1782 хэргийн 1954 яллагдагчтай ял тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлж  шийдвэрлүүллээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нийт 4092 хэргийн 1782 буюу 43.5 хувь нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэг байна.

Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нийт хэргийн дийлэнх нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 1094, Өмчлөх эрхийн эсрэг 354, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 134, Хүрээлэн байгаа орчны эсрэг 51, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 19, Авлигын 21 гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

  • Прокурор гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд  58.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүллээ.

Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 17.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 631.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэв.

Прокурор гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 58.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллаа.

  • Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор бичсэн шаардлага 16.6 хувиар өсөв.

Прокурор мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад 42 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр 47 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.