Цахим сүлжээ ашиглан үйлдэж байгаа гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалгаан нөхцөлийг УЕПГ-аас судалсан байна. Энэ талаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Цахим гэмт хэргийн талаар судалгаа хийсэн гэлээ. Энэ тухай ярилцлагаа эхлүүлье?
-Цахим гэмт хэргийн асуудал яах аргагүй анхаарал татаж байна.
Улсын Ерөнхий прокурорын газраас цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг болон цахим хэрэгсэл, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судалсан.
Судалгааг 2019, 2020 он, 2021 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд явуулж үзсэн. Энэ хугацаанд цахим төрлийн нийт 4593 хэрэг шалгагдсаны дийлэнх буюу 89.7 хувийг интернэт хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, 2019 онд 880 хэрэг шалгагдсан бол, 2020 онд 1099 хэрэг болж 24.9 хувиар өссөн. Харин 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 2140 хэрэг шалгагдсан байдлаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
-Цахим гэмт хэрэг нэмэгдэж байгаагийн гол суурь шалтгаан нь юу вэ?
-Техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаад нийгмийн бүхий л харилцаа цахим хэлбэрт шилжихийн хэрээр иргэдийн цахим сүлжээний хэрэгсэлд нэвтрэх хандалт нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэглэгчийн эрэлт, цаг хугацаа хэмнэлт гээд олон хүчин зүйлсээс шалтгаалан цахим худалдаа ихэссэн. Үүнийг дагасан маш олон төрөл бий болсон зэрэг нь цахим гэмт хэрэг нэмэгдэх гол үндсэн суурь шалтгаан болж байна.
-Цахим гэмт хэргийг нийгмийн мэдээллийн аль сүлжээг ихэвчлэн ашиглаж үйлдэж байна вэ?
-Кибер орчинд цахим хэрэгсэл, цахим сүлжээ ашиглан үйлдэж байгаа гэмт хэргүүд ихэвчлэн зохион байгуулалтад шилжсэн, дэлхийн аль ч улс орноос интернетийн сүлжээ ашиглан үйлдэгдэж байна. Манай улсын иргэд facebook, instagram, gmail, yahoo зэрэг хилийн чанадад сервертэй вэб сайтуудыг хэрэглээндээ ашигладаг. Дийлэнх гэмт хэрэг хуурамч хаягнаас хандалт хийгддэг. Судалгаанаас харахад цахим хэрэгсэл, цахим сүлжээ ашиглан үйлдэж буй хэргийн дийлэнх буюу 30 орчим хувийг “Facebook” мэдээллийн сүлжээ ашиглаж үйлдсэн, үүнээс 95.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.
-Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Иргэд цахим сүлжээнд хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээ өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, өөрийн болон гэр бүлийн гишүүний утас, автомашины дугаар гэх мэт бусад хүн мэдэж тааварлаж болохуйц байдлаар үүсгэдэг. Энэ байдлыг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ашиглаж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авч хэрэглэгчийн системд хялбар аргаар нэвтэрч, тухайн хүний найз нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг ойр дотны хүмүүс рүү нь “Би хүнд байдалд орлоо, яаралтай мөнгөний хэрэг гарлаа, бараа авахад мөнгө дутлаа, түр хугацаагаар зээлье” гэх зэрэг зурвас илгээн төөрөгдөлд оруулж, өөр хүний дансны дугаараар мөнгийг шилжүүлэн авч залилж байна. Мөн хэрэглэгчийн данс болон зээлийн картын мэдээлэлд хууль бусаар халдаж, иргэдийн данснаас мөнгө гуйвуулан авч байна.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс тодорхой нэг мэдээллийн сайтыг дуурайн хуурамчаар хийж, хүмүүсийн сонирхол татсан мэдээллийн зургийг ашиглан мэдээллийг дэлгэрүүлэн үзэх холбоосыг байршуулдаг. Тэр мэдээллийг нь иргэд үзэхийн тулд тухайн холбоосоор нэвтэрч, дараагийн сайт руу дамжин ордог. Гэтэл уг сайт нь хуурамч сайтууд байдаг бөгөөд холбоосоор нэвтэрснээр хэрэглэгчээс фэйсбүүкийн нэр, нууц үгийг шаарддаг. Хэрэглэгч нь нэр, нууц үгээ хийгээд нэвтэрсэн тохиолдолд хуурамч сайт нь мэдээллийг автоматаар хадгалан авч, улмаар иргэдийн фэйсбүүкийн нэр, нууц үгийг ашиглаж, иргэдийг хохироодог. Ихэнх хүмүүс ухаалаг утас болон компьютер дээрээ баталгаагүй газраас татсан файлтай байдаг. Мөн зөөврийн флаш диск, интернет, сүлжээгээр дамжин тусгай зориулалтын вирус татагдаж суудаг.
-Цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь юу байна бэ?
-Фэйсбүүк нь өдөр бүр 50 мянга гаруй гүйлгээ хийгддэг цахим худалдааны хамгийн эрэлт ихтэй платформуудын нэг болсон. Монголын нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 25 хувь нь онлайнаар худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо гарсан байдаг. Фэйсбүүкээр дамжуулан хувь хүнд сэдэл өгч, итгэл төрүүлэх замаар мэдээллийг олж авах аргаар үйлдэгдсэн залилах гэмт хэргүүд их гарч байна. Гэмт этгээдүүд нийгмийн сүлжээнд өөрийгөө нуун далдалсан хуурамч хаягнаас “бага хүүтэй зээл олгоно, онлайн худалдааны захиалга авч, хямд үнээр бараа зарна” гэх зэрэг зар, бичлэг байршуулан иргэдийг төөрөгдөлд оруулж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, сэдлийг төрүүлж, зарын дагуу холбогдсон иргэний хэрэгцээ шаардлагад үндэслэн залилах гэмт хэрэг үйлдэж байна. Мөн мөрийтэй тоглоом, азын сугалаа зохион байгуулах нэрийдлээр ашиг хонжоо олох зорилгоор цахимаар иргэдийг хохироож байна.
-Та тодорхой жишээн дээр цахим залиланг тайлбарлах боломжтой юу?
-Зарим тохиолдолд өөрийгөө “олон улсын байгууллагын ажилтан” гэж танилцуулан, “танай улсад их хэмжээний тусламжийн хөрөнгө нийлүүлнэ, илгээмж явуулна”, “гэрээний зардал, зээлийн татвар, хураамж, урьдчилгаа төлбөр хэрэгтэй“ гэх зэргээр иргэдийн итгэлийг олж, тодорхой хэмжээний төлбөрийг урьдчилж төлөх шаардлагатай мэтээр төөрөгдөлд оруулж, мөнгийг нь шилжүүлэн авсан тохиолдол нийтлэг байна.
“i-mail” цахим сүлжээ үйлдэгдэн гарч байгаа хэргүүдийн тухайд хувь хүн болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд гадаад улсын харилцагч байгууллагынх нь тогтмол харилцдаг цахим шуудангийн хаягийн нэг үсэг, тоо, цэг, таслалыг нэмэх, хасах зэрэг байдлаар өөрчлөн өөр хаяг үүсгэн харилцаж, улмаар өөр банк, дансны дугаар илгээсэн байхад, иргэд түүнийг нь нягтлахгүйгээр их хэмжээний гадаад валютыг гадаад улс уруу шилжүүлж залилуулсан хэргүүд бас байна.
-Энэ төрлийн гэмт хэргийн арга нь улам нарийн үйлдэгдэх болсон. Иргэдэд сэрэмжлүүлэг байдлаар мэдээлэл өгөөч?
-Судалгаагаар залилах гэмт хэрэгт мөнгө хүлээн авсан данс эзэмшигч нь мөн төөрөгдөлд орох замаар бусдад дансаа ашиглуулсан нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Тухайлбал: Такси үйлчилгээ үзүүлсэн жолооч, автомат тооцооны машинаас бэлэн мөнгө авахаар дугаарлан зогсож байгаа хүн, худалдаа, үйлчилгээний ажилтан зэрэг хүмүүст “картаа мартсан, гээгдүүлсэн, блоклуулсан” гэх зэргээр худал хэлж, дансыг нь ашиглаж, урамшуулалд нь бага хэмжээний мөнгө өгөх зэргээр иргэний дансыг ашиглаж мөнгө шилжүүлэн авсан, эсхүл “ажилд оруулж өгнө, анкет судалгаа авна” гэх зэргээр хуурч дансны мэдээллийг нь олж авч ашигладаг, карго үйлчилгээ эрхэлдэг хүнтэй хуурамч бүртгэлтэй хаягаар харьцаж, тухайн хүнээр дамжуулан гадаад улс руу мөнгийг шилжүүлдэг, спорт бооцооны сайтад бооцоо тавих, компьютер тоглоомын аккаунтыг цэнэглэдэг зэргээр гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн арга хэлбэр нарийссаар байна. Тийм болохоор иргэд дээрх тохиолдлуудыг маш сайн анхаарч, бусдад залилуулахаас болгоомжлон, дор бүрнээ урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Цахим гэмт хэргийг ямар хүмүүс ихэвчлэн үйлдэж байна вэ?
Судалгаагаар мөрдөн байцаалтын нийт 1826 хэрэгт 526 хүнийг яллагдагчаар татсан. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хүйсийн байдлаар нь судлахад 354 буюу 67.3 хувь нь эрэгтэй, 172 буюу 32.7 хувь нь эмэгтэй хүн байна. Насны хувьд 13 буюу 2.5 хувь нь насанд хүрээгүй, 244 буюу 46.4 хувь нь 18-25, 244 буюу 46.4 хувь нь 26-45, 25 буюу 4.8 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Боловсролын хувьд дийлэнх нь буюу 75.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байгаа юм. Ажил эрхлэлтийн хувьд 21.1 хувь нь эрхэлсэн ажилтай, 78.9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд, залилах гэмт хэргийг ихэвчлэн 18-45 насны, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, хохирогчтой ямар нэгэн харилцаа хамааралгүй, таньж мэдэхгүй хүмүүс үйлдэж байна гэсэн дүн гарсан.
Цахим гэмт хэргийн талаар манай улсын хуульд хэрхэн тусгагдсан байдаг вэ?
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гээд 3 зүйлийг хуульчилсан байдаг. Үүнээс гадна зарим зүйлд тухайлбал цахим хэрэгсэл, цахим сүлжээ ашиглаж хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах, хувь хүний нууцад халдах, залилах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан.
Улсын Их Хурал Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан дагалдах хуулиудад өөрчлөлт орсон, тухайлбал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн нэршлийг “Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэж өөрчлөн, 3 зүйлтэй байсныг 2 зүйлтэй болгосон. Хуульд цахим мэдээлэл, цахим сүлжээ гэснийг кибер орчин гэдэг агуулгаар тусгаж, зарим зүйлд гэмт хэргийн шинжийг шинээр нэмж, ялын зүйлчлэлийг хүндрүүлсэн зэрэг өөрчлөлтүүд орсон.
Эх сурвалж: Өглөөний сонин 2022.04.13 №068 (3623)
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба