Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2019, 2020, 2021 оны байдлаар судалжээ. Тодруулбал, эрүүгийн 43 хэрэгт 50 хүүхэд холбогдож, 71 гэмт хэргийн улмаас 79 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Хүүхдүүд сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болох тохиолдолд өсөх хандлагатай байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Тиймээс тус прокурорын газраас "Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, уулзалтыг тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулжээ.
Тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 160 гаруй багш, ажилтнуудтай уулзаж, хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхэд багш нарын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг таньж илрүүлэх талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн бол “Голомт цогцолбор” сургуулийн 27 бүлгийн 1000 орчим сурагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба