“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ПРОКУРОР” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ПРОКУРОР” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган"-ыг энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон байна. Энэхүү ажлын хүрээнд УЕПГ-аасхариуцсан чиг үүргийн дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гарц шийдлийг тодорхойлох зорилгоор “Хүүхдэд ээлтэй прокурор” хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр прокурор, ажилтнуудаас “хүүхдэд ээлтэй” орчин бүрдүүлэх талаар хэд хэдэн санал гаргаж, хэлэлцүүллээ. Тухайлбал, илүү цагаар ажиллаж байгаа прокурор, ажилтнуудын хүүхдүүдийг тав, тухтай, аюулгүй байлгахад анхаарч тусгай өрөө тохижуулах, байгууллагын дэргэд хүүхдийн өдөр өнжүүлэх ажиллуулах зэрэг саналуудыг гаргасан байна.

Мөн нэгж прокурорын газруудаас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар болон байгууллага дахь эцэг, эхийн зөвлөлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Цаашид Прокурорын байгууллагаас “Хүүхэд хамгааллын бодлогыг” байгууллагын онцлогт тохируулан боловсруулж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран прокурор, албан хаагчдын гэр бүл, хүүхдүүдэд зориулсан олон талт ажлуудыг зохион байгуулж ажиллахаар боллоо.