ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоотой хамтран 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, тэдгээрийн эрх зүйн хийдэл, даван туулах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ сургалтын хэлтсийн дарга, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар үг хэлсэн юм.

Энэхүү хуралд нийт 40 орчим эрдэмтэн багш, судлаачид оролцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн эрх зүйн хийдэл, даван туулах арга замын талаар онол, практикт гарч буй тулгамдсан асуудлуудын талаар санал дэвшүүлж, хэлэлцүүллээ.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ сургалтын хэлтсийн хяналтын прокурор Б.Өнөрмаа “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг зүйлчлэхэд үүсч буй бэрхшээл, хуулийн давхцал, ойлгомжгүй нөхцөл байдал”, тус хэлтсийн хяналтын прокурор Д.Нямбат “Эрүүгийн хуулийн хэм хэмжээний эрх зүйн хийдэл, тулгамдсан асуудал”, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Насанбат “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэлийг боловсронгуй болгох нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь үр дүнтэй боллоо.