“ХУЛГАЙЛАГДСАН ЭД ХӨРӨНГИЙГ БУЦААН ОЛГОХ САНААЧИЛГА” /STAR/ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
“ХУЛГАЙЛАГДСАН ЭД ХӨРӨНГИЙГ БУЦААН ОЛГОХ САНААЧИЛГА” /STAR/ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газар, Дэлхийн банкны хамтарсан байгууллага “Хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох санаачилга” /StAR/ байгууллагын төлөөллийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтад “StAR”-ын Санхүүгийн сектор хариуцсан ахлах ажилтан Найжел Бартлет, Лиза Боствик нар оролцсон бөгөөд прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд хамтран зохион байгуулсан сургалтуудын үр дүнгийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд “Прокурорын стратеги”, “Санхүүгийн мөрдлөг”, “Иргэний процессын дагуу хөрөнгө буцаах ажиллагааг зохион байгуулах, прокурорын нэхэмжлэлийг гадаад улсад илгээх нь” зэрэг сэдэвт сургалтууд, хууль бус хөрөнгө, орлого, эд зүйлийг хураан авах, битүүмжлэх, буцаан авах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, олон улсын зохицуулалтын талаарх цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан ба 400 орчим прокурорууд хамрагдсан байна.

Түүнчлэн  хууль сахиулах болон прокурор, шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Дэлхийн банкнаас эмхтгэн гаргасан "Хөрөнгө хураах ажиллагаа: Мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага" номын 2 дахь хэвлэлийн орчуулгыг хийгээд байгаа юм.