Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Засаг даргын Тамгын газартай хамтран сум дахь ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, 21, 22, 29 дүгээр цэцэрлэгүүдийн орчинд хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэхийг үзэж, танилцахад хэд хэдэн зөрчил илэрчээ.
Тухайлбал, хүүхдийн сурч боловсрох орчинд явган хүний зам, замын гарц, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, өндөр хүчдэлийн шонг тусгаарлаагүй, цахилгааны утсыг хүүхэд гар хүрэх хэмжээнд ил байрлуулсан зэрэг хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл бүхий нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх”-ийг хангах, дээрх эрсдэл бүхий нөхцөл байдлыг арилгах зорилгоор холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба