Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор тус дүүргийн ерөнхий боловсролын улсын сургуулиудад “Эерэгээр нөлөөлье” соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Аяны үйл ажиллагааг Монгол Улсын ууган сургууль болох 1 дүгээр сургуулиас эхлүүлж, нийт 22 сургуулийг хамруулан явуулсан бөгөөд ахлах ангийн сурагчдад болон эцэг, эхийн төлөөллүүдэд “Зүрх сэтгэлийн боловсрол”, “Гэмт хэрэг, зөрчлөөс ангид байх нь сурагчид бид нарын эерэг хандлагаас нөлөөтэй” сэдэвт сургалтуудыг хийж, сургууль бүрд “Эерэг нөлөөлөл” бүлгэмийг байгуулан, эссэ бичлэгийн уралдаан зарласан байна.
“Эерэг нөлөөлөл” бүлгэм нь сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сурагч, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх дадал зуршлыг эзэмшүүлэхэд чиглэгджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Эерэгээр нөлөөлье” арга хэмжээг Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн ахлах ангийн сурагч, багш, эцэг, эхчүүдэд прокурор, сэтгэл зүйчтэй хамтарсан сургалт хийх, сурагчдын дунд “Эерэг нөлөөлөл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах, “Эерэг нөлөөлөл” бүлгэм байгуулах зэрэг хэлбэрээр явууллаа. Энэхүү ажлын зорилго нь хүүхэд хүүхдэдээ эерэг нөлөөлөл бий болгох, сургуулийн орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа юм.
Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа:
Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 3650 сурагчтай 158 багш, ажилчидтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн зүгээс боловсролын шинэчлэлд анхаарах, сургалтын чанар, суралцах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг хийхээс гадна сурагч хүүхдүүдээ гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх, сурч боловсрох эрхийг нь хангах үүднээс хууль эрх зүйн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилладаг. Эдгээр ажлуудын нэг болох “Эерэгээр нөлөөлье” арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд 9-12 дугаар ангийн сурагч, багш, эцэг, эхчүүдэд “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээ, мэдээлэл хүргэж, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө өгсөн нь онцлог болж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгийн дарга П.Булгамаа:
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэстэй хамтран жил бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Эерэгээр нөлөөлье” арга хэмжээг зохион байгууллаа. Аяны гол зорилго өсвөр насны хүүхдүүд сургуулийн орчинд нэгнийгээ дээрэлхэх, гадуурхах, биеийн болон сэтгэл зүйн дарамт үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдүүд бие биедээ эерэг нөлөөлөл бий болгож, үлгэр дуурайлал үзүүлэхэд оршиж байгаа юм.
Сургуулийн нийгмийн ажилтан, удирдлагаас “Эерэгээр нөлөөлье” арга хэмжээг зохион байгуулах 2 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж ажилласан бөгөөд сурагчдын дунд “Дэвжээ” уралдаан, флаш моби, постер болон бусад олон төрлийн уралдаан тэмцээн, яриа таниулга, анги хамт олны уур амьсгалыг эергээр бүрдүүлэх ажил арга хэмжээг санаачлан хийж өөрсдийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд түгээн, сурталчлан таниулсан нь тодорхой үр дүнд хүрсэн байна.
“Эерэгээр нөлөөлье” эссэ бичлэгийн уралдаанд нийт 234 эссэ ирүүлснийг ажлын хэсгээс уншиж шалгаруулан, шилдэг эссэ бичлэг бичсэн сурагчдыг шагнаж урамшуулжээ.
Мөн аяны хугацаанд сургуулиудад саналын хайрцаг байршуулан 5 хоногийн турш ажиллуулахад нийт 170 санал гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллүүдийг хуулийн дагуу шалгуулж, сургуулийн цайны газрын үйл ажиллагаа, багш, ажилтны ёс зүйтэй холбоотой санал, гомдлыг тухай бүр нь шийдвэрлүүлсэн нь үр дүнтэй ажил болсон байна.
Сэтгэл зүйчээс аянд хамрагдсан 22 сургуулийн 4000 орчим сурагчид болон эцэг, эх, асран хамгаалагч нарт эерэг харилцаа, хандлага, зүрх-тархи биемахбодь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болох талаар сургалтыг зохион байгуулж, 1000 гаруй хүүхэдтэй ганцаарчилсан уулзалтыг хийжээ.
Аяны хаалтын үйл ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж сургуулиудын хийсэн ажлыг үзэсгэлэн гарган танилцуулж, идэвхитэй оролцсон сургууль, анги хамт олныг шагнаж, урамшуулсан байна. Тус аяны “Тэргүүн” байранд Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, “Дэд” байранд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, “Гуравдугаар” байранд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, “Монгол улсын Консерватор”-ийн ахлах сургуулиуд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба