АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 7 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 7 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 34 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 392 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 44 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2811 хэрэгт хяналт тавьж, 376 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 178, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 104, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Авлигын 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Мөнгө угаах 3, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.