Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай "Хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, Өмгөөллийн товчоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирол, хор уршгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцлоо.
Мөн дүүргийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахмад Т.Ариунзаяа “Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Болор-Эрдэнэ “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбат “Насанд хүрээгүй хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх асуудал”, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Булган “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажилласан тараах мэдээлэл”, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэсэн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцсон байна.
Хэлэлцүүлгээс бага насны хүүхэд хохирсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирлын хэмжээг нэг мөр тодорхойлох, сэтгэл заслын байгууллагатай хамтран ажиллах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зөвлөмж гаргаж, оролцогч байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба