Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон тус улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн институтын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "Монгол Улсын Прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх/Capacity Building of Mongolian prosecutors 2022-2024” төслийн сургалтын үйл ажиллагаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхэллээ.
Энэ удаагийн сургалтыг талууд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын хууль, эрх зүйн тогтолцоо, Мөнгө угаах болон Цахим гэмт гэмт хэргийг мөрдөн шалгах арга, Мансууруулах бодис, хар тамхины хууль бус эргэлт, түүнтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, Хууль бус хөрөнгө буцаах зэрэг сэдвээр 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тав хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын төлөөлөл болон тус улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн институтын салбарын захирал Park Cherl Oan оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бол Монгол Улсын Прокурорын байгууллагыг төлөөлж Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших оролцон хоёр улсын прокурорын байгууллага хороондын олон жилийн найрсаг харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагааг онцлон тэмдэглэж, цаашид төслийг үргэлжлүүлэн амжилттай хамтран хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Дээрх сургалтад улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 20 прокурор хамрагдаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба