Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяртай орон нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд ямар төрлийн зөрчлийн хэрэг түлхүү гарч байна вэ?
2021 онд Сэлэнгэ аймгийн прокурор газраас зөрчлийн талаарх нийт 4855 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оноос 26.3 хувиар өссөн. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлүүд зонхилон үйлдэгдэж байна. Аймгийн прокурорын газраас энэ төрлийн зөрчлийн хэргийг бууруулахад анхаарч ажиллаж байна.
Тухайлбал Мандал сум дахь сум дундын прокурорын газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласнаар зөрчил өмнөх оноос 217-оор буурсан. Мөн “Гэр бүлийн хүчирхийллээс хамтдаа сэргийлцгээе” арга хэмжээний хүрээнд харьяа Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласнаар энэ төрлийн зөрчлийн хэргийн гомдол мэдээллийн тоо 26.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байна.
Ялангуяа хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулахад анхаарч ажилласан. Тодруулбал: Сайхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цемент шохой” ХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэтрүүлэн олборлолт хийж, байгаль орчинд учруулсан 330 орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг шүүхээр албадан гүйцэтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж торгох шийтгэлийн 10 сая төгрөг болон ажиллагааны зардалд гаргасан 3.850.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гэрээнд заасан газраас өөр газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 8.9 сая төгрөгийн хохирол учруулсныг тухайн нөхөрлөлөөс гаргуулах, татсан тамхиа унтраалгүй явсны улмаас ой хээрийн түймэр гарч, байгаль орчинд учирсан 24 сая төгрөгийн хохирлыг буруутай иргэнээс гаргуулах, нөхөн төлүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн.
Мөн гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 59.8 сая төгрөгийг гаргуулах 7 нэхэмжлэл шүүхэд гаргасан, үүнээс 16.8 сая төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөө аж ахуйг дэмжих сан зэрэг төрийн байгууллагуудтай “Санамж бичиг” байгуулж, уулзалт хийх зэргээр хамтын ажиллагааг сайжруулснаар төрийн байгууллагаас прокурорт хүсэлт ирүүлэх, нэхэмжлэл гаргах тохиолдол нэмэгдсэн үр дүн гарсан. Тухайлбал 2021 оны эхний хагас жилийн байдлаар прокурорт хүлээн авсан төрийн байгууллагын хүсэлт 60, нэхэмжлэл 26 болж 1 дахин өссөн.
Гэмт хэргийн нөхцөл байдал болон хэргийн шийдвэрлэлт ямар байна вэ?
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2021 онд нийт эрүүгийн шинжтэй 1270 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 94.1 хувийг эцэслэн шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 1138 хэргээс “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” 140, “Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэрэг” 55, “Авлигын эсрэг гэмт хэрэг” 45, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг гэмт хэрэг” 8 хэрэгт хяналт тавин ажилласан. Мөрдөн байцаалт явуулсан нийт 497 хэргээс 75.8 хувийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж ажилласан.
Аймгийн прокурорын газраас 2021 оны эхний 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт, шалтгаан нөхцлийг судлахад 57.8 хувь нь бичил уурхай эрхлэгчид хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэг эзэлж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилт хангалтгүй, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бичил уурхай эрхлэгчидтэй гэрээ байгуулахдаа нэгж талбайг давхардуулж олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн.
Иймд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бичил уурхайг хуулийн хүрээнд хэрхэн зохион байгуулалтад оруулах, хууль бус бичил уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль-экологид учирч буй хохирлыг бууруулах, нутгийн удирдлага болон бичил уурхай эрхлэгчийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2021 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч тодорхой ажлуудыг хийсэн. Ялангуяа Сэлэнгэ мөрний ай сав газрыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж ажилласан. Мөн Мандал, Баянгол сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч "зөвлөмж" хүргүүлэн ажиллаж байна.
2022 онд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Тус прокурорын газраас Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн тодорхой ажил хийхээр төлөвлөсөн. Мөн 2022 онд байгаль орчны эсрэг зөрчлийг илрүүлэх чиглэлээр шалгалт, судалгаа явуулахад анхаарч ажиллана. Цаашид хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдал, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэг, байгаль орчин, хууль бусаар ашигт малтмал, мод бэлтгэх гэмт хэргүүдтэй болон гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирч байгаад онцгой анхаарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: arslan.mn
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба