НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust network/-ний нэгдсэн хуралд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөл ажиглагчаар оролцлоо.
Энэхүү хуралд Зүүн Өмнөд Азийн гишүүн орны хуулийн байгууллагуудаас гадна Румын, Япон, Солонгос зэрэг улсын эрх бүхий төв байгууллагын төлөөллүүд мөн ажиглагчаар оролцсон бөгөөд Зүүн өмнөд азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust network/-ний нарийн бичгийн дарга, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн хатагтай Карен Крамер хурлыг нээж, үйл ажиллагаагаа танилцуулжээ.
Нэгдсэн хуралдаанаар эрүүгийн хэрэг дэх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хүн худалдаалах, Хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой гэмт хэргүүд болон Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлуудын талаар хэлэлцэж, санал солилцсон байна.
Зүүн өмнөд азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust network/-г НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ялангуяа эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудал хариуцсан эрх бүхий төв байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс байгуулсан бөгөө одоо Сингапур, Тайланд, Тимор, Вьетнам, Австрали, Лаос, Мьянмар, Бруней, Камбож, Филиппин, Малайз, Мальдив зэрэг 12 гишүүн улстай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Тус сүлжээнд нэгдсэн орсноор Зүүн Өмнөд Азийн орнуудаас гадна Төв Ази, Европ, Өмнөд Америк, Австрали болон Африкийн бүс нутгийн ижил төрлийн буюу эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх асуудал хариуцсан эрх бүхий төв болон бусад байгууллагуудтай шууд харилцах, мэдээлэл солилцох, туслалцаа үзүүлэх, тодорхой асуудлаар сургалт, уулзалт, хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтой болдог байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба