ИРГЭН ТАНД: ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХААНА ГАРГАХ ВЭ?

A- A A+
ИРГЭН ТАНД: ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХААНА ГАРГАХ ВЭ?

ЗӨРЧИЛД ХОЛБОГДОГЧ, ХОХИРОГЧ, ТЭДГЭЭРИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧ НЬ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ПРОКУРОРЫН ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХААНА, ХЭНД ГАРГАХ ВЭ?

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хяналт тавьж буй прокурорт нь, прокурорын шийдвэрийн талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргана. Тухайн нэгжийн дээд шатны прокурорын шийдвэр эцсийнх байх ба энэ шийдвэрт давах гомдол гаргахгүй байхаар хуульчилсан байдаг.

Жишээ нь: “ААН” ХХК-ийн захирал Б нь Хэнтий аймгийн Чингис хотод барилга барих барих ажил эрхэлж байхдаа техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан А нь шалгалтаар илрүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.  “ААН” ХХК-ийн захирал Б нь Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан А-ын үйл ажиллагааны талаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гомдол гаргасан байна. Хяналтын прокурор С нь гомдлыг хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба “ААН” ХХК-ийн захирал Б нь уг шийдвэрийг эс зөвшөөрч тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Энэ тохиолдолд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэр эцсийнх бөгөөд “ААН” ХХК-ийн захирал Б нь тухайн асуудлаар дахин гомдол гаргах боломжгүй байна.

Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргах бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргана.

ГОМДОЛ ГАРГАХ ТОДОРХОЙ ХУГАЦАА БАЙДАГ УУ?

Эрх бүхий албан тушаалтны болон прокурорын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гомдол гаргаж болно.

Харин зөрчлийн хэрэг нээхгүй байх, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичиг хураан авах, эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах боломжтой.

ГОМДЛЫГ ЯМАР ХУГАЦААНД ХЯНАН ШИЙДВЭРЛЭДЭГ ВЭ?

Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ПРОКУРОР ХЯНАЛТ ТАВИХ ХАРЬЯАЛЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ?

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нутаг дэвсгэрийн зарчмаар хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Танхайрах зөрчилд тус дүүргийн Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах ба үүнд тухайн дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллана гэсэн ойлголт юм.

Хэрэв зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах харьяаллыг прокуророос тогтоож өгдөг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавих харьяаллыг Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/97 дугаар тушаалын хавсралтаар баталсан.