ПРОКУРОР 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР 847.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР 847.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ
  • Хяналт тавьсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 74,8 хувиар өсөв.

Прокурор 2022 оны эхний хагас жилд гэмт хэргийн талаарх 55.018 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 14.845 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, гэмт хэрэг үйлдсэн хүн нь тодорхой 7986 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгуулсан байна.

Нийт гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 23.550 буюу 74,8 хувиар өссөн бөгөөд 75,8 хувь нь Нийслэлд, 24,2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

  • Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.

Прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 40.373, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 15.433 хэрэгт хяналт тавьж, 8240 буюу 53,4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалав.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 847.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэв.

Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 18.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 847.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар бичсэн Прокурорын шаардлага өмнөх оны мөн үеэс 15,3 хувиар өссөн байна.

Прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад нийт 85 шаардлага бичиж хүргүүлжээ. Прокурорын шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 149 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

  • Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн ихэнх хувийг Хулгайлах, Залилах гэмт хэрэг эзэлж байна.

Прокуророос 2022 оны эхний хагас жилд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн ихэнх хувийг Хулгайлах, Залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэг 14.427 буюу 35,6 хувь,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг 9080 буюу 22,4 хувь,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3730 буюу 9,2 хувь,

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэрэг 1608 буюу 4,0 хувь,

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан Дээрэмдэх гэмт хэрэг 1364 буюу 3,4 хувь,

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1150 буюу 2,8 хувь,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 824 буюу 2,0 хувь,

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 641 буюу 1,6 хувьтай байна.

  • Авлигын гэмт хэрэг Нийслэлд болон Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн авлига, албан тушаалын 983 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 17,4 хувиар өссөн байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 118 байна.

Нийт Авлигын гэмт хэргийн 59,9 хувь нь Нийслэлд, 40,1 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгджээ. 

Төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт Авлигын хэргийн 77,3 хувийг эзэлж байна.

  • Мөнгө угаах гэмт хэрэг 2022 оны мөн үетэй харьцуулахад 0,8 хувиар өссөн байна.

Прокуророос Мөнгө угаах 247 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 38,4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Нийт Мөнгө угаах гэмт хэргийн 32,7 хувь нь Залилах, 30,3 хувь нь Авлига, 14,9 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 2 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.

  • Прокурорын байгууллага Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 42 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Улсын хэмжээнд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 42 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, прокуророос шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 10 хэрэгт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж,3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна.

Прокурор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 206 хэрэгт хяналт тавьж, 128 яллагдагчид холбогдох 94 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 186 хүний дийлэнх хувь нь залуучууд байна. Тодруулбал, 2,1 хувь нь 17 хүртэл, 2,7 хувь нь 45-аас дээш, 23,6 хувь нь 31-44, 71,5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 90,9 хувь нь эрэгтэй, 75,3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

  • Хяналт тавьсан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3 хувиар өсжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг 689 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 353 хүнд холбогдох 257 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймагт, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймагт, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг Баян-Өлгий, Хөвсгөл, Төв аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.

  • Гэмт хэргийн улмаас 1905 хүүхэд хохирогчоор тогтоогдсоноос 52,1 хувь нь эмэгтэй хүүхэд байна.

Прокуророос 2022 оны эхний хагас жилд хүүхэд хохирсон 1789 хэрэгт хяналт тавьжээ. Хүүхэд хохирсон гэмт хэргийн 1246 буюу 69,6 хувь нь Нийслэлд, 543 буюу 30,4 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Хохирогчоор тогтоогдсон нийт 1905 хүүхдийн 5,4 хувь нь 8 хүртэлх, 31,2 хувь нь 8-13, 63,2 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 912, эмэгтэй 993 хүүхэд байна.

Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 293, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 273, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэргийн улмаас 143 хүүхэд тус тус хохирсон байна.

Прокурор Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1021 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 671 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

  • Хяналт тавьсан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 0,9 хувиар өсөв.

Прокурор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 272 хэрэгт хяналт тавьж, 127 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  Энэ төрлийн хэргийн 44,8 хувь нь Нийслэлд, 55,2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насны хүмүүс байна. Тодруулбал, 21,7 хувь нь 18-30, 68,2 хувь нь 31-44, 10,1 хувь нь 45-аас дээш насныхан байгаа бол 94,2 хувь нь эрэгтэй, 5,8 хувь нь эмэгтэйчүүд,  74,6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.  Эдгээр иргэдийн 36,2 хувь нь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.