Дэлхийн хамгийн том хоёр шүүх байгууллагын нэг Голландын Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг урьж, олон улсад хүний эрхийг хэрхэн хамгаалж ажилладаг талаар ярилцлаа. Тэрээр Монгол Улсад хууль зүйн боловсрол эзэмшин, мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Дэлхийн хэмжээний хүнд ноцтой гэмт хэргүүдийг шийддэг Олон Улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.
Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
За баярлалаа. Намайг Н.Орчлон гэдэг. Хуульч мэргэжилтэй, одоогоор Голландын Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхэд хохирогчийн ахлах өмгөөлөгчийн ажил эрхэлж байна. Олон Улсын хууль, ялангуяа Олон улсын Эрүүгийн хууль, Хүний эрхийн хууль, Хүмүүнлэгийн хууль зэрэг эрх зүйн салбарт мэргэшин ажиллаж байна.
Монгол Улсад Цагдаагийн дээд сургуульд хуульч мэргэжил эзэмшиж төгссөн. Тэгээд цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад эрүүгийн хэргийн өмгөөлөгч, олон улсын хуулийн байгууллагын зөвлөх зэрэг ажлыг хийж байсан. Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд 2006 оноос хойш 16 жил ажиллаж байна даа.
Монголдоо мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа АНУ-ын Миннесота мужын их сургуулийн Хуулийн сургуульд магистрын хөтөлбөрт хамрагдан суралцаж, төгссөн. Мөн Герман, Голланд, Австри, Франц, Итали улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж, ажлынхаа зэрэгцээ олон улсын хуулийн сургуулиудад урилгаар лекц уншдаг байсан. Тухайлбал, Ирландын Үндэсний их сургууль, Москвагийн Кутафины нэрэмжит хууль зүйн сургуульд Олон улсын эрүүгийн эрх зүйн талаар лекц уншиж байлаа.
Анх Олон Улсын шүүхэд ажиллахаар болсон түүхээсээ хуваалцана уу? Олон Улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажиллахын тулд мэдээж маш том шалгуурыг давсан байх?
Анх АНУ-д хуулийн сургууль төгсөж ирээд Монголд эрүүгийн хэргийн өмгөөлөгч, олон улсын байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа өөрийгөө нэлээд голсон. Яагаад гэвэл АНУ-д хуулийн сургууль төгсөөд ирсэн ч гэсэн миний англи хэлний мэдлэг хангалтгүй байсан. Тиймээс мэргэжлийн англи хэлтэй болох, олон улсын эрх зүй, олон улсын хүний эрхийн талаар, ялангуяа эрүүгийн чиглэлээр гүнзгийрүүлэн сурах маш их сонирхолтой байсан. Тэгээд цаашдаа олон улсын түвшинд гарч ажиллах ёстой юм байна гэж бодоод интернэтээр ажил хайж Вэнад байдаг Олон улсын цөмийн эрчим хүчний үйлдвэрт хуульч авна гэсэн ажлын байрны зарлал олсон. Уг ажилд материалаа илгээсэн боловч хэдэн сарын дараа шуудангаар татгалзсан хариу ирсэн.
Хэдийгээр татгалзсан хариу байсан боловч Австрийн Венаас миний материалыг шалгаж үзээд, надад зориулан хариу илгээсэн нь надад маш том урам зориг өгсөн учраас шантралгүйгээр дахин олон улсад ажил хайсан. Гэтэл Голландын Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхийн “Хохирогчийн өмгөөлөгч”-ийн албанд ажлын байр гарсан байсан. Би чинь бөөн баяр, хүсэлтээ өгөөд, материалаа илгээсэн. Яг энэ ажлын байрны шалгаруулалт маш өндөр, амаргүй байсан, бараг 8 сарын дараа анхан шатны шалгаруулалтад тэнцлээ гэсэн хариу өгсөн.
Олон Улсын шүүхийн аль ч ажлын байранд шинээр ажилтан авахад ажлын байрны менежер, удирдах албан тушаалтан, хамтарч ажиллах хүмүүс, шүүхийн бусад алба болон хүний нөөцөөс бүрдсэн нийт 5-7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг явуулдаг. Би энэ хороонд ярилцлагын шалгалтаа утсаар өгч тэнцээд, дараа нь Голланд улсыг зорьж очин дахин ярилцлага өгч, ажилд орж байлаа. Тухайн үед Голланд явах зардлыг шүүхээс гаргаж байсан. Энэ цаг үеэс хойш нэг л мэдэхэд 16 жил өнгөрчээ.
Өнөө үед Олон улсын хэмжээнд ажиллахын тулд хуульчид ямар чадваруудыг эзэмшсэн байвал зохих вэ?
Ер нь Олон улсын байгууллагад ажиллах хэд хэдэн боломж байдаг. Тэр тусмаа хууль шүүхийн байгууллагад. Гааг хотын Олон улсын шүүхийн хувьд 18 шүүгчтэй, шүүхийн танхим болон ерөнхий прокурорын газраас бүрддэг. Шүүгчийн ажлын байранд Гаагын шүүхийн гишүүн орнуудаас нэр дэвшүүлэн, бусад гишүүн орнуудын санал хураалтаар буюу албан ёсны сонгуулиар 9 жилийн хугацаанд томилогдон, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг. Мөн Олон улсын шүүх нь өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг учраас ямар нэг байдлаар өөрийн улсын засгийн газраас хараат байхыг хориглодог.
Олон улсын шүүх болон олон улсын байгууллагад ажиллахад мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, шүүхийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гадаад хэлний мэдлэг гэсэн хамгийн чухал 3 шаардлага тавигддаг.
Мэргэжлийн боловсролын хувьд бол тухайн засгийн газар хоорондын олон улсын байгууллагад шаардагдах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх магистраас доошгүй эрдмийн зэрэгтэй байхыг шаардана. Ажлын туршлагын хувьд мэргэжлийн зэрэг дэвээр тодорхойлогддог. Манай шүүхэд бол п1-п5-н хооронд буюу “professional” гэж тодорхойлсон байдаг. Туслах хуульч бол п1-ээс эхлэнэ, п5 бол ахлах хуульч байх жишээтэй. Эдгээр шатлалыг ажилласан жил буюу хэр хугацаанд ажлын туршлага хуримтлуулсан бэ гэдгээр нь тодорхойлдог. Би бол одоогоор п4 ангилалд байдаг. Туслах хуульч хамгийн багадаа гурван жил ажилласан бол араваас дээш жил ажиллаж байж п5 түвшинд очдог.
Хэлний хувьд Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орнуудын засгийн газар хооронд үйл ажиллагаа явуулахад хэрэглэгддэг албан ёсны зургаан хэлнээс аль болох олон хэл эзэмшсэн байх тусмаа өөр улс орны хуульчидтай өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үүнд: Англи, Франц, Орос, Хятад, Спани, Араб хэл багтдаг. Эдгээр хэл дээр албан ёсны гэрээ, конвенц орчуулагдаж гардаг бол Олон улсын шүүх үйл ажиллагаагаа Англи, Франц хэл дээр явуулдаг. Яагаад гэвэл хоёр эрх зүйн систем буюу Англо-Саксон, Эх газрын эрх зүйн системтэй холбоотойгоор хууль зүйн мэргэжлийн нэр томъёо ихэвчлэн эдгээр хэл дээр байдаг бөгөөд олон улсын хуулийг судлах гол хэл учраас тэр юм. Мөн дагалдах Орос юм уу, Хятад хэлтэй бол маш том давуу тал болж өгдөг.
Олон улсын хуулийн байгууллагад манай хуульчид ажиллах боломж хэр байдаг вэ? Энэ талаар мэдээлэл өгвөл?
Тавигдаж байгаа мэргэжил боловсрол, ажлын туршлага, хэлний түвшин өндөр санагдаж магадгүй. Гэхдээ олон улсын Засгийн газар хоорондын бүх байгууллагад, бүх орны хуульчид, оюутнууд дадлагын ажил хийх боломжтой. Үүнээс гадна сургуулиа төгсөөд ажил хийж байгаа хуульч бол зочин хуульчаар ажиллаж болдог.
Манай шүүх дээр аль аль нь боломжтой. Насны хувьд 35-аас доош бол дадлагын ажилтан, дээш бол зочин хуульч гэх зэргээр 3-аас 6 сарын хугацаанд Олон улсын шүүхийн мэргэжлийн шүүгч, хуульч нартай хамтран ажиллаж, дадлага туршлага хуримтлуулах боломжтой байдаг. Зарим тохиолдолд цалинтай зочин хуульчаар ажиллах ч боломж байдаг. Ингэж дадлагажигч эсвэл зочин хуульчаар ажиллахад үндсэн ажлын байранд ажиллах шалгуураас маш доогуур буюу нийтлэг шаардлага тавьдаг. Тухайлбал, ажилласан жилийн шаардлага тавихгүй, хэлний оноо шаардахгүй. Энэ бол маш том боломж олгож байна гэсэн үг. Манай шүүхийн вэб сайт дээр энэ тухай зарлал байнга нийтлэгдсэн байдаг. Дэлхийд ганц байгаа манай Олон улсын шүүхэд зочин хуульчаар эсвэл дадлагажигч хуульчаар ажилласанаар цаашдаа олон улсын сургуульд сурах, эсвэл эх орондоо, гадаад улсад ажиллахад маш том давуу тал болно.
Манай шүүхэд анхан болон давж заалдах шүүхийн танхим, Ерөнхий прокурорын газар, шүүхийн Тамгын газар зэрэг бүх бүтцүүд нэг дор байдаг. Тухайлбал, Ерөнхий прокурорын ажлын алба, Олон улсын хамтын ажиллагааны газар, давж заалдах шатны прокуроруудын алба, мөрдөгч, шүүгч нарт судалгаа хийж өгдөг туслахууд, Ерөнхий нарийн бичгийн газар, Хохирогчийн өмгөөлөгчийн алба гээд бүх чиглэлд дадлагажигчаар ажиллах боломж бүрэн нээлттэй.
Голландын Гааг хот бол олон улсын хууль, эрх зүйн төв юм. 1899, 1970 онуудад дэлхийн хэмжээний улсууд олон улсын хэмжээнд үүссэн хэрэг маргааныг зэр зэвсгийн хүчээр бус олон улсын хууль, шүүхийн дагуу шийднэ гэсэн шийдвэрт хүрсэн байдаг. Үүнээс улбаалан бусад олон улсын байгууллагууд ч мөн адил Голландын Гааг хотноо төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Нэгдсэн Үндэстний олон улсын шүүх, Ерөнхий Ассемблэйн аюулгүйн зөвлөл, Олон Улсын арбитрын шүүх, Олон Улсын хувийн эрх зүйн конфренсс, Европын холбоо, Европын холбооны цагдаагийн байгууллага зэрэг байгууллагууд бас үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр байгууллагад бүгдэнд нь дадлагын ажил хийх асар том боломж байгаа.
Манай Монгол Улс цөөн хүн амтай, хөгжиж буй орон учраас тэтгэлэгт хөтөлбөр маш их зарлагддаг. АНУ-д бол Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нэг ч байдаггүй, бүх оюутнууд үндсэн төлбөрөө төлж их дээд сургуульд суралцдаг. Хуулийн сургуульд суралцаад төгсөхөд 200-300 мянган долларын өртэй төгсдөг. Монголд бол магистрын сургалтын тэтгэлэг их байдаг энэ бол маш том боломж. Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судлаад хамрагдах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна.
Гаагийн Олон Улсын шүүхэд өмгөөлөгч яг ямар чиг үүрэгтэй ажилладаг нь сонирхолтой байна. Хохирогч, шүүгдэгчийн аль талыг нь өмгөөлдөг вэ?
Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхийн ажиллагаанд прокурор яллах талаас оролцоно. Шүүгдэгчид өөрсдийн өмгөөлөгчтэй байдаг бол Хохирогчийн өмгөөлөгчийн албанаас хохирогчдыг өмгөөлөн оролцдог. Би бол Хохирогчийн өмөөлөгчийн албанд хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Манай шүүхэд Эзлэн түрэмгийлэх, Дайны, Хүн төрөлхтний эсрэг, Геноцид буюу төрлөөр устгах гэсэн дөрвөн төрлийн гэмт хэрэг харьяалагддаг. Эдгээр нь хамгийн ноцтойд тооцогддог. Улс, үндэстэн тивийг хамарсан томоохон гэмт хэргүүд учраас олон мянган хохирогчтой байдаг. Энэ дөрвөн төрлийн хэргийн улмаас хохирсон хүмүүс, улс үндэстэн тус бүртээ өмгөөлөгч авах боломжгүй байдаг учраас манай шүүхээс өмгөөлөгч томилж өгдөг зарчимтай. Томилогдсон өмгөөлөгч нар багаараа хамтран ажиллаж, хохирогчийн эрх ашгийг хамгаалдаг.
Мэдээж хохирогчийн тоо хэдэн зуун сая тоогоор яригдах байх. Тухайн хэрэг бүр дээр хохирогчийн эрүүл мэндийн байдал, зардал зэргийг нэг бүрчлэн тогтоодог уу?
Манай шүүх хохирогчтой ажилладаг 3 албатай. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хохирогчийн өмгөөлөгч гэж байна. Мөн хохирогч нарыг олж эрх, үүргийг нь тайлбарлаж, шүүхэд хохирогч болж хандах мэдээллийг нь өгөх зэргээр шүүхийн үйл ажиллагааг мэдээллэх алба гэж байдаг. Үүнээс гадна гэрч, хохирогчийг хамгаалах алба байгаа. Мэдээж мөрдөн байцаалт явж байгаа улсад төлөөлөгчийн газар байх шаардлагатай. Тэгэхээр маш олон хүн зэрэг ажиллаж байж энэ олон хохирогчийн эрх, ашгийг хамгаалах хэрэгтэй болж байгаа юм.
Манай шүүхийн нэг онцлог бол гэмт хэрэг нь дэлхийн аль ч улс оронд гарсан бай Голландын Гаагт шүүх хурал нь болж байгаа учраас хохирогч нар мэдүүлэг өгөх тохиолдолд шүүх рүү ирүүлж мэдүүлэг авдаг. Мөн хохирогч нар шүүхэд ирж мэдүүлэг өгөхгүйгээр гомдлоо илэрхийлэх эрхтэй байдаг. Энэхүү гомдлоо өмгөөлөгчөөр дамжуулан шүүхэд танилцуулдаг учраас бид хэрэг гарсан орнууд руу маш их явдаг.
Олон Улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажиллахын гол онцлог нь юу вэ?
Олон Улсын шүүх өөрөө олон улсын хоорондох маргаан шийдвэрлэдэг учраас маш олон төрлийн хүмүүстэй ажиллана. Хэл, соёл, амьдрал ахуй, арьс өнгө, шашин шүтлэг гээд бүгд өөр өөр хүмүүс байна. Тэгэхээр боловсрол, мэрэгжлийн туршлага, хэлний мэдлэг зэргээс гадна олон улс орнуудаас ирсэн өөр соёл, шашин, үзэл бодолтой хүмүүстэй ажиллаж сурах нь хамгийн чухал. Хүмүүс өөр хоорондоо нэг хэлээр яриад байгаа хэрнээ тэс өөр, өөр зүйлийг хэлж болдог. Ялангуяа хууль зүйн асуудал өөрөө маш нарийн, үг, үсэг, цэг, таслал алдах ёсгүй. Гэтэл өөрийн чинь тухай, Монгол гэж ч мэдэхгүй, би өөрөө ч бас тэр улсын тухай огт мэдэхгүй тийм тэс өөр хүмүүстэй харилцах шаардлага гардаг.
Тэгэхээр яаж харилцан хүндэтгэлтэй, мэргэжлийн хэмжээнд, мэдрэмж өндөртэй, чөлөөтэй, шууд шулуун шударга, ямар нэгэн эргэлзээ таамаглал төрүүлэхгүйгээр ойлголцож, хамтарч ажиллах вэ? гэдэг маш чухал. Эдгээрийг яг тухайн орчин нөхцөлд нь ажиллаж байж сурч дадлагаждаг.
Миний хувьд Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөхөөр ажилладаг байхдаа олон орны хүмүүстэй харилцдаг байсан туршлага маань бас их хэрэг болсон.
Та Монголын хуульчид гадаадын орчин үеийн хуульч нартай эн зэрэгцэх түвшинд хүрэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?
Хуульчид дэлхий нийтийн, олон улсын мэдээ, мэдээллийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Яагаад гэхээр үүнтэй хамт олон улсын хууль хөгжиж байдаг. Жишээ нь, Женевийн конвенц маш сонин. Дандаа дайны дараа гардаг. Ийм асуудалд ийм зүйл гардаг юм байна, хуулиар хамгаалах ёстой юм байна гэх зэргээр дайнаар хүн төрөлхтөн суралцаж байдаг. Мөн Америкт хоёр өндөр барилгыг мөргөдөг 9 сарын 11-ний террорист халдлагын дараа маш олон терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх конвенцууд батлагдаж байх жишээтэй.
Тэгэхээр ядаж хувь хүнийхээ хувьд хоцрохгүй байя гэвэл гадаад хэл, боловсрол мэдлэгээс гадна олон улсын мэдээг маш сайн уншиж судлан, дэлхий ертөнц, техник, технологи, шинжлэх ухааны чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж зөвлөхөөр байна. Аль болох олон хэлээр, олон улс орны хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авч байх нь чухал. Ингэснээрээ дэлхийтэй хөл нийлж алхана гэсэн үг.
Хуулийн байгууллагууд тэр дундаа шүүх, прокурорын байгуулагуудад хараат бусаар, шударга шийдвэр гаргах нь маш чухал байдаг шүү дээ. Гааг хотын шүүх энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж, зохицуулдаг вэ?
Би маш гоё жишээ хэлье. Румын бол Европын хамгийн хээл хахууль ихтэй улс. Би Румын хэлгүй учраас нэрийг нь буруу хэлж байж магадгүй, Лаора Кодрутта Кобесы гээд бүсгүй Румыны ерөнхий прокурорын орлогч байсан. Тэгээд одоо Монголоор бол Авлигатай тэмцэх газрын тэргүүнээр томилогдсон. Энэ хүн 2013-2018 оны хооронд Румыныг тэр чигээр нь өөрчилсөн. Маш олон эрх мэдэлтнүүдийг авлигын хэргээр нь эрүүгийн хариуцлага тооцуулж чадсан. Авилгалтай тэмцсэн индексээрээ Румын европт нэг номерт орсон. Энэ эмэгтэй бол өөрөө насаараа төрийн ажил хийсэн жижигхэн 2 өрөө байранд мууртайгаа амьдардаг байсан тийм л эмэгтэй. Тэгэхээр энэ эмэгтэй бол жинхэнэ шударга прокурор, шударга төрийн төлөөлөгч байж болдог юм аа гэдгийг харуулж чадаж байгаа юм. Авлигын индексийг маш хүчтэй өөрчилж, бууруулж чадсанаараа олон улс даяар нэр хүнд нь түгсэн. Европ даяар түүний авлигатай тэмцсэн туршлагыг мэддэг. Одоо бол “Европын прокурорын байгууллага” гээд Европ даяар үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийг хянан шийдвэрлэдэг олон улсын байгууллагад ерөнхий прокурорын албан тушаалыг хашдаг.
Ер нь ямар ч хууль эрх зүйн системийг шударга болгох хэд хэдэн аргууд байдаг. Нэгдүгээрт, дотоодын хууль хүчний байгууллагууд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлдэг, мөрдөн байцаадаг, ялладаг функц нь хараат бус байх ёстой. Жишээлбэл, хуучин Улсын прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах алба гэж заавал байх ёстой байгууллага. Энэ албыг татан буулгасан нь Монгол Улсын хувьд маш том ухралт болсон. Дэлхийн маш олон өндөр хөгжилтэй улс, оронд хүртэл байдаг, хүний эрхийг зөрчих, хээл хахуульд автах эрсдэл ихтэй ийм байгууллагуудыг мөрддөг, шалгадаг хөндлөнгийн байгууллагыг Монгол Улсад байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг нь хангадаг хараат бус функц байх ёстой. Ёс зүйн хяналтын алба гэсэн үг. Дээрээс нь бас нэг чухал зүйл бол хүн төрөлхтний агуу нээлт болох хараат бус “үйлдвэрчний эвлэл”. Үйлдвэрчний эвлэл бол дотоод хараат бус байдлыг хангадаг маш чухал систем. Тэгэхээр нийтийн хөдөлмөрлөх эрхийг хангадаг гол функц бол үйлдвэрчний эвлэл юм.
Манай шүүхийн хувьд бүх ажилчдын сонгуулиар гардаг Үйлдвэрчний эвлэлийн хороо байдаг. Тэр үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ажилчдын ажлын байрыг нь хадгалж, ажлаас нь чөлөөлөөд 100% үйлдвэрчний эвлэлийн ажлыг л хийлгэдэг. Тэгэхээр тэр хүн үндсэн ажилдаа санаа зоволгүйгээр үйлдвэрчний эвлэлийн ажил болох нийт ажилчдынхаа хараат бусаар хөдөлмөрлөх эрхийг хангаж ажилладаг. Гаднаас чиглэсэн дарамтыг эсэргүүцэж хараат бус байхаас гадна дотоодын хараат бус байдалд анхаарах ёстой.
Монгол Улсын эрх зүйн шинэтгэл олон улсын хэм хэмжээнд хэр нийцэж байна гэж та харж байна вэ?
Би Монголд амьдардаггүй болохоор хуулийн зүйл, заалтаар нь нарийн хэлж чадахгүй байна. Интернэтээр ерөнхийдөө мэдээ, мэдээлэл авдаг. Гэхдээ би арай өөр өнцгөөс нь харъя гэж боддог юм. Хүн яг хуулиа бариад шударга ажиллахыг хүсвэл ямар ч хууль эрх зүйн орчин, улс төрийн нөхцөлд ажиллаж болдог. Яг үнэндээ Монголд хуулийн байгууллагын ажилтнууд шударга ажиллахад хангалттай хууль зүйн орчин байгаа. Ямар байх нь хүнээсээ 100% шалтгаална гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн ёс зүй дээр нь батлагдаагүй байсан ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагаандаа юу зөв, юу шударга вэ? гэдгийг мэддэг, мэдэрдэг байх нь чухал.
Миний бодлоор хувь хүний ёс зүй, шударга байдал гэдэг юугаар ч үнэлж, цэгнэж, сольж болохгүй үнэт зүйл. Мэдээж хуулийн шинэчлэл цаашдаа явагдах ёстой. Тэр талаар олон зүйлийг ярьж болно л доо, олон улсын стандарт бол өөр. Гэхдээ дэлхийн бусад өндөр хөгжилтэй улс орнууд ч гэсэн адилхан шүү дээ, завхрал гардаг. Хүн байгаа газар завхрал гардаг. Гэхдээ хүмүүс нь өөрсдөө маш шударга, ёс зүйтэй, зарчимч учраас тэр систем чинь ажиллаад байгаа. Түүнээс бүх юмыг маш гоё хуулиар зохицуулчихсан гэвэл үгүй шүү дээ.
Сүүлийн үед цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой буруу, ташаа мэдээллийг олон нийтэд тараах асуудал ихээхэн гарах болсон. Иргэд хууль, шүүхийн байгууллагадаа итгэх итгэлээ алдвал юу болох вэ? Энэ талаарх таны бодол?
Энэ бол маш аюултай зүйл. Ямар ч нотлох баримтгүйгээр шүүх засаглалын нэр хүндэд халдсан тохиолдолд шүүх дээр дуудаж арга хэмжээ авах ёстой. Тэр асуудлыг орхичихоор хэлсэн худал мэдээлэл нь үнэн мэт ойлгогдоод шүүх засаглалын ариун цагаан, хир буртаггүй байдалд толбо үүсгэчхэж байгаа юм. Хараат бус шүүхийн системийг маш сайн хөгжүүлсэн газар бол “Content of Court” гэсэн зарчмыг хэрэгжүүлж чадаж байгаа газар юм. Шүүх засаглалын хараат бус байдалд халдсан үйлдэл нь маш хатуу хууль зүйн санкцтай байх хэрэгтэй.
Шүүх засаглалд итгэх ард түмний итгэл хамгийн нэгдүгээр үзүүлэлт. Ямар ч улс орны шүүх засаглалын ажлыг хэмждэг зүйл нь ард түмний шүүх засаглалдаа итгэх итгэл. Шүүх засаглал “шударга ёс, үнэн” гэдэг хоёр зүйл дээр тулгуурлан оршин тогтнож байгаа. Тэгэхээр шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг 100% байлгахын тулд ямар ч хир толбогүй ариун байлгах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хир буртаг халдаах тийм нөхцөл байдал үүсэх юм бол хатуу арга хэмжээ авна. Үүн дээр бүх иргэд болон хуулийнхан яг ижил шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ийм хатуу санкцыг авах эрх нь зөвхөн шүүх засаглалдаа байдаг. Жишээлбэл: Английн ерөнхий сайдыг шүүх дуудахад шүүх дээр ирэхгүй байх, хоцорч ирэх зэрэг нь шүүхийг үл хүндэтгэсэн асуудал болж байгаа юм. Энэ тохиолдолд хэн байсан ч ялгаагүй хатуу санкцын арга хэмжээ авна. Энэ нь өөрөө маш чухал институт учраас. Шүүх засаглал нь өөрөө ариун, цагаан, үнэнч, шударга, хир буртаггүй байж бусдыг яллах, шүүн таслах ёс суртахууны эрхээ олж авч байгаа юм шүү дээ. Шүүх засаглал өөрөө хир буртагтай, хээл хахууль, танил талд автсан мэт сэжиг төрөхүйц байх юм бол бусдыг шүүх ёс суртахууны эрхээ алдана. Үүний хажуугаар шүүх засаглал өөрөө шилэн тунгалаг, шийдвэр гаргах үйл явц нь маш ил тод, үндэслэлтэй байх гэсэн олон зарчмууд зэрэг явагдаж байж энэ тогтолцоо оршино.
Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та манай прокуроруудад болон бусад хуульч нарт маш сонирхолтой олон мэдээллийг өглөө.
Баярлалаа. Би Монгол хуульчдыг Олон Улсын шүүхэд ирж зочин хуульчаар ажиллахаас гадна, Голландын Гааг хот нь Олон Улсын хууль зүйн төв учраас хувь хүнийхээ хувьд ч гэсэн зочилж ирээсэй гэж хүсэж байна. Гааг хот бол 500.000 хүнтэй жижигхэн хот байгаа. Гэхдээ тэнд олон улсын байгууллагууд, олон улсын шүүхүүд байгаа. Ирээд танилцаад явахад гоё орон шүү.
Манай байгууллагуудад хуулийн сургуулийн оюутнууд их ирдэг. Тэр үед нь би өөрийнхөө ажлыг танилцуулахаас гадна шүүх хурал хэрхэн явагддаг талаар танилцуулдаг. Хэрвээ надтай холбоо баривал би бас хотоо танилцуулж болно. Би байж байгаа тохиолдолд шүү дээ. Манай хотоор ирж айлчлаарай гэж урьж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба