Улсын хэмжээнд 2022 оны 7 дугаар сарын байдлаар 131.515 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 6 дугаар сартай харьцуулахад 38.9 хувиар буурсан байна.
Нийт зөрчлийн хэргийн 62.2 хувь нь Нийслэлд, 37.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0.1 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 129.990 хүн, 224 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 39 хувиар, хуулийн этгээд 33.5 хувиар тус тус буурчээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.1 хувь нь эрэгтэй, 19.9 хувь нь эмэгтэй байгаа бол 65.3 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн 7 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 6 дугаар сартай харьцуулбал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40.5 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 31.7 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 59 хувиар, Танхайрах зөрчил 59.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 20.3 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60.8 хувиар, Хулгайлах зөрчил 64.4 хувиар тус тус буурсан байна.
Зөрчлийн хэргийн улмаас нийт 1.185.135.000 төгрөгийн хохирол учирснаас 49.2 хувь нь нөхөн төлөгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба