ИРГЭН ТАНД: ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭР
Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр нь прокурорын бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл юм. Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. Түүнчлэн прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтоож болно.
ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?
Прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагааны явцад чиг үүргээ хэрэгжүүлэх хяналтын ажлын нэг арга хэрэгсэл бол ПРОКУРОРЫН ШААРДЛАГА байдаг. Прокурорын шаардлагыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичдэг.
Шаардлага бичиж байгаа нь хуулийг нэг мөр хэрэглэж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдолтой байдаг.
Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч яллагдагчаас мэдүүлэг авахдаа яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ хангах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг эдлүүлэхгүйгээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хүсэлт гаргасан байхад өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан тохиолдолд энэ зөрчлийг прокуророос шаардлага бичиж арилгуулдаг. Ингэснээр яллагдагчаас дахин мэдүүлэг авч, зөрчигдсөн эрхийг сэргээдэг ач холбогдолтой юм.
Прокурорын шаардлага хүлээн авсан байгууллага, албан тушаалтан уг зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг авч, 15 хоногийн дотор прокурорт бичгээр хариу мэдэгдэнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба