Б.МӨНХ-ОД: ПРОКУРОР ОЛОН НИЙТЭД ТААЛАГДАХ ГЭЖ ХЭН НЭГНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН, ЭСВЭЛ ХААЦАЙЛСАН ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ

A- A A+
Б.МӨНХ-ОД: ПРОКУРОР ОЛОН НИЙТЭД ТААЛАГДАХ ГЭЖ ХЭН НЭГНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН, ЭСВЭЛ ХААЦАЙЛСАН ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захиралд холбогдох хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Б.Мөнх-Од мэдээлэл өглөө.

- Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг прокурор нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 11-11 төвд хандах, хяналт тавьсан М.Очбадрах прокурорт хариуцлага тооцуулах шаардлагатай гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Энэ талаар тодруулбал?

- Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд уг хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын зургийг постолж, мөн дээрх агуулга бүхий зүйлийг бичсэн байсан.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрх. Бид энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Мөн сэтгүүлчийнхээ хувьд албан тушаалтны хууль бус үйлдлийг илчлэн олон нийтэд мэдээлж, холбогдох байгууллагаар шалгуулж байгаа нь сайн хэрэг.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал буюу цахим сүлжээнд эрх бүхий байгууллагаас шалгаж дуусаагүй, эцэслэн шийдвэрлээгүй байгаа хэргийн талаар хэт нэг талын байр сууринаас тайлбарлан буруу ташаа мэдээлэх, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр бичих, мөрдөгч, прокурор руу үндэслэлгүйгээр дайрах зэргээр өөрт таалагдсан шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлж болохгүй юм.

Учир нь прокурорын хуульд нийцүүлэн, хараат бусаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг.

Хэргийн талаар тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа “Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр нэр дурдагдаж буй албан тушаалтныг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган ирүүлснийг прокурор хянаад, мөрдөх байгууллагаас ирүүлсэн санал дээр нэмэлт материал шаардлагатай гэж үзсэн.

Шаардсан нэмэлт материалыг мөрдөгч цуглуулж ирүүлсний дараа прокурор хянаж шийдвэрээ гаргана. Энэ бол шийдвэр гаргахын өмнөх процесс ажиллагаа, одоо явагдаж байна.

Хуулийн дагуу хийгддэг ийм процесс ажиллагааг мэдсээр байж илтэд гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлж гомдол гаргахыг уриалж байгаа нь хэрэв прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар татаж шийдвэрлэвэл “бид тэмцэж байгаад яллагдагчаар татууллаа” гэж өөрийн нэр хүндийг өсгөх, сошиал орчинд олон дагагчтай болох гэсэн оролдлого гэж л харж байна.

Ер нь сүүлийн үед прокурор, шүүхийн шийдвэрлэх шатанд байгаа хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд янз бүрийн байдлаар бичиж олон нийтэд урьдчилсан төсөөлөл бүрдүүлэх, шийдвэр гаргах албан тушаалтны сэтгэл зүйд нөлөөлөх зорилго, агуулгатай сөрөг мэдээ, мэдээллийг тараах явдал цөөнгүй гарах болсон. Гэсэн хэдий ч прокурор олон нийтэд таалагдах гэж хэн нэгний эрхийг зөрчсөн, эсвэл хаацайлсан шийдвэр гаргахгүй, гаргах ч боломжгүй гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: ikon.mn