ШҮҮХЭЭС ОНОГДУУЛСАН ЯЛЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ЯЛ ЭДЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭН 100 ИРГЭНИЙ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛИУЛАВ

A- A A+
ШҮҮХЭЭС ОНОГДУУЛСАН ЯЛЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ЯЛ ЭДЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭН 100 ИРГЭНИЙ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛИУЛАВ

Прокурор 2022 оны 9 дүгээр сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 458 удаа танилцаж, шалгалт 70, судалгаа 37-г хийлээ.

Дээрх ажиллагааны явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 185 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 17 шаардлага бичиж хүргүүлэв. Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ял эдлүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 5 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Мөн ял эдлэхээс зайлсхийсэн 100 иргэний ялыг эрүүгийн хуульд заасны дагуу солиулах арга хэмжээ авлаа. Тодруулбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй 23, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 40, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 37 иргэний ялыг хорих ялаар солиулсан байна. 

Түүнчлэн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 85 иргэнийг хорих ялаас нь хугацааны өмнө суллах талаар хорих байгууллагын тодорхойлолтыг үндэслэн дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүллээ.