Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучууд, хөгжлийн газар, Дархан сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтарсан шалтгалт хийлээ.
Шалгалтаар Дархан сумын хүүхэд хамгааллын хамтарсан багуудаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр 2022 онд хийсэн ажилтай танилцаж, “Хамтарсан багийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг шалгахад хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, дээрх сумын хамтарсан багууд нь хийж гүйцэтгэх ажлын ерөнхий төлөвлөгөө гаргаагүй, олон нийтийн цагдаа, эмч, нийгмийн ажилтан, зохион байгуулагч ажиллуулаагүй, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, хүүхэд хамгааллын ажлыг шуурхай явуулах нөхцлийг бүрдүүлээгүй байжээ.
Иймээс Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн Засаг дарга, Дархан сумын Засаг дарга бөгөөд хамтарсан багийн ахлагчид шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, энэ чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар албан бичиг, прокурорын мэдэгдэл тус тус хүргүүлж, биелэлтийг тооцохоор болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба