Зам, тээврийн ослын улмаас хүүхэд хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Хүүхэд хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал Нийслэл хотод ямар байгаа талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа.
Тээврийн прокурорын газар нь Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт хяналт тавьж ажиллахаас гадна төмөр замын объект, суудлын, ачааны галт тэрэг дотор үйлдэгдсэн болон Иргэний нисэхийн ерөнхий газар, нисэх онгоцны буудал, агаарын тээврийн аж ахуйн нэгж байгууллага, агаарын хөлөгт үйлдэгдсэн гэмт хэргүүд, мөн зарим орон нутгийн зам дээр гарсан дээрх төрлийн гэмт хэргүүдэд харьяалал тогтоосны дагуу хяналт тавьж ажилладаг ажээ.
- Зам, тээврийн ослын улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал цөөнгүй гардаг. Сүүлийн үед гарч байгаа хэргүүд ч нийгэмд нэлээдгүй анхаарал татаж байна. Ер нь энэ онд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийн тоон мэдээлэл, нөхцөл байдал ямар байгаа вэ?
- Нийслэл хотод 2021 онд зам тээврийн осол хэрэг 1,501 бүртгэгдэж байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1,573 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд өртөж хохирсон тохиолдол 401 гарсан байна.
Өмнөх оны жилийн эцэст хүүхэд хохирсон тохиолдол 183 бүртгэгдэж байсан бол энэ он дуусаагүй байхад 401 болж 50 гаруй хувиар өссөн байгаа юм. 2021 онд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн харьцангуй бага байсан бол энэ онд ямар нэгэн хөл хорио тогтоогоогүй, иргэд энгийн амьдралын хэв маягтаа шилжсэн, үүнийг дагаад замын хөдөлгөөний ачаалал ч эрс нэмэгдсэн учраас хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртсөн тохиолдол өссөн гэж үзэж байгаа.
Гэхдээ нийт осолтой харьцуулж үзэх юм бол анхаарууштай зүйл бий. Өөрөөр хэлбэл, хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон тохиолдол өмнөх онд бүртгэгдсэн нийт ослын 13 хувийг эзэлж байсан бол энэ онд бүртгэгдсэн ослын 26 хувийг эзэлж байгаа юм.
Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол их гардаг. Энэ онд гэхэд Баянзүрх дүүрэгт 96, Сонгинохайрхан дүүрэгт 85, Хан-Уул дүүрэгт 66, Сүхбаатар дүүрэгт 62, Баянгол дүүрэгт 57, Чингэлтэй дүүрэгт 35 осол тус тус бүртгэгдсэн байна.
Зам, тээврийн ослын улмаас хүүхэд амиа алдсан тохиолдол дөрөв гарсан.
- Хүүхдүүд яагаад зам тээврийн осолд өртөх тохиолдол их гарч байна гэж үзэж байгаа вэ?
- Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдлуудыг судлаад үзвэл дийлэнх нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Өөрөөр хэлбэл, жолооч Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй буюу гарцаар гарч байгаа хүүхдэд зам тавьж өгөөгүй, хөдөлгөөн эхлэхээс өмнө орчны байдлыг шалгаагүй, орон сууцны хороолол дунд хурд ихтэй явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс болж осол гарч байна.
Харин явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас болон замын нөхцөлөөс шалтгаалж гарсан осол нийт осол хэргийн бага хувийг эзэлж байна. Тухайлбал, иргэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас 10 хүртэлх насны 37 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон.
Мөн хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох зэргээр осолд өртөж байна.
Хуульд зааснаар 16 насанд хүрээгүй хүн цахилгаан дугуй унаж хөдөлгөөнд оролцох ёсгүй. Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүд 16 насанд хүрээгүй хүүхдэдээ цахилгаан дугуй буюу “Суррон” авч өгч замын хөдөлгөөнд оролцуулах, улмаар хүүхэд осолд өртөх тохиолдол бас гарч байгаа юм.
- Иргэд хүүхдээ зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?
- Эцэг, эх, асран хамгаалагч нар 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр, ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Мөн өөрсдөө замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой оролцож хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэхээс гадна хууль дүрмийн талаар ойлголт, мэдээлэл өгч, аюулгүй байдлыг нь хангаж байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: ikon.mn
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба