Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж илэрсэн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж, сургалт зохион байгууллаа.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийн холбогдогч, хохирогчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, зөрчил үйлдээгүй байхад шийтгэл оногдуулсан, эрүүгийн гэмт хэргийг зөрчлийн хэргээр шалгаж шийтгэл оногдуулсан, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэргээр хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй болох нь шалгалтаар илэрсэн байна.
Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 15 хоногийн дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба