Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээн дэх эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг 2022 оны эхний 9 сарын байдлаар судалж, дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Тус аймагт гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.5 хувиар өссөн бөгөөд нийт гэмт хэргийн 66.5 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Мөн зарим төрлийн буюу Хулгайлах, Залилах гэмт хэрэг багагүй хувиар өссөн тул урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байгаа талаар дээрх хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
Тодруулбал, хамгийн их буюу 38.8 хувиар өссөн Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба