Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, Олон улсын хамтын ажиллагааны газрын II зэргийн хянан шалгагч, Олон улсын солилцооны хэлтсийн дарга Жан Шяохань, мэргэжилтэн Жан Лун нар болон бусад албаны хүмүүс оролцож, талуудын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтаар цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа дээд болон бусад түвшний ажлын айлчлал хийх, тодорхой асуудлуудын хүрээнд ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага судлах, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлж тэдгээрийн үр дүнд тулгуурлан ном, товхимол гаргах, хил орчмын прокурорын газрын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцаж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын газар, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд талууд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба