АРВАН НЭГДҮГЭЭР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

A- A A+
АРВАН НЭГДҮГЭЭР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, Прокурорын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

“ХОРИГДОЛ, ХОРИГДОГЧ, БАРИВЧЛАГДСАН, СААТУУЛАГДСАН ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ ХУУЛЬ САХИУЛАГЧДЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газраас “Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан хоригдол, хоригдогч, баривчлагдсан, саатуулагдсан иргэний эрхийг хангах нь хууль сахиулагчдын үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.   

Зөвлөгөөнд ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Баривчлах төв, Гадаадын иргэн саатуулах байр, Эрүүлжүүлэх, саатуулах төв, Зэвсэгт хүчний 032 ангийн саатуулах байрны удирдлагууд оролцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

#UNSEND ХУВИЙН НУУЦТАЙ МЭДЭЭЛЛЭЭ БУСДАД БҮҮ ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ!

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол банк, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран Цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой #UNSEND буюу Бүү-Шилжүүл уриатай аяныг энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 29-ны өдрийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

БНХАУ-ЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хоёр улсын прокурорын байгууллага хооронд дээд болон бусад түвшний ажлын айлчлал хийх, тодорхой асуудлуудын хүрээнд ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлж тэдгээрийн үр дүнд тулгуурлан ном, товхимол гаргах, хил орчмын прокурорын газрын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцаж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцлоо.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шалгалаа.

Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль зөрчсөн зөрил тогтоогдсон байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын алба хаагчаас 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах 130537 зөвшөөрөл олгогдсон байгаагаас цахимаар олгосон 88915 зөвшөөрөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулалгүй, зөвхөн зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, тээврийн хэрэгслийг буцаан олгосон нийтлэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал хэрэгжүүлж ажиллаагүй, мөн журмын зарим зохицуулалтууд Зөрчлийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй зөрчилдсөн, давхардсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын шаардлага бичиж, тус тус хүргүүлсэн байна.