Улсын хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 180945 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 10 дугаар сартай харьцуулахад 13.5 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн хэргийн 68 хувь нь Нийслэлд, 32 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 98.4 хувийг Цагдаагийн байгууллага, 0.2 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 1.3 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 177230 хүн, 250 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 14.3 хувиар, хуулийн этгээд 14.4 хувиар буурчээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 81.4 хувь нь эрэгтэй, 18.6 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг 10 дугаар сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 12.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3.4 хувиар тус тус өсжээ.
Харин Хулгайлах зөрчил 44 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 21.1 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 14.9 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9.3 хувиар, Хүний биед халдах зөрчил 0.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба