Нийслэлийн прокурорын газраас хийсэн судалгаагаар Нийслэл, дүүргийн хэмжээнд 2021, 2022 оны 10 сарын байдлаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгаж шийдвэрлэсэн нийт 15891 зөрчлийн 863 буюу 5.4 хувь нь хүнс, эрүүл ахуйн аюулгүй байдалтай холбоотой зөрчил байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд заасан Эрүүл мэндийн хууль зөрчих зөрчил 41, Хүнсний тухай хууль зөрчих зөрчил 15, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 401, Эрүүл ахуйн хууль зөрчих зөрчил 407 бүртгэгджээ.
Дээрх зөрчлийн хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдэж олсон 57.340.960 төгрөг, чанарын шаардлага хангахгүй 187.5 тн мах, махан бүтээгдэхүүн, 16 нэр төрлийн чихэр, жигнэмэг, гоймон, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүн, 39 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, 100 орчим халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хураан авсан байна.
Зөрчилд холбогдсон 343 хуулийн этгээдийн 39 буюу 11.3 хувь нь мах, махан бүтээгдэхүүн, 73 буюу 22 хувь нь бусад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, 41 буюу 12 хувь нь нийтийн хоолны, 37 буюу 11 хувь нь эмнэлгийн, 54 буюу 15.7 хувь нь барилгын засвар, угсралтын, 99 буюу 28.8 хувь нь гадаад худалдаа, сургууль, аялал жуулчлал, ариутгал, зочид буудал зэрэг бусад төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байжээ.
Иймд Нийслэлийн прокурорын газраас иргэдийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд хор хохирол учирч болох эрсдэл өндөртэй дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг бизнес эрхлэгч, олон нийтэд таниулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Нийслэлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба