УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал оролцож, холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, прокурорын хяналтад 2013 оноос 2022 оны 12 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдаж, 5-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31 буюу 86.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Шалгагдсан гомдол, мэдээллийн 32 буюу 88.9 хувийг Авлигатай тэмцэх газар, 4 буюу 11.1 хувийг Цагдаагийн байгууллага шалгасан бол 26 буюу 72.2 хувийг мөрдөн шалгах байгууллагууд өөрөө илрүүлж, 10 буюу 27.8 хувийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан гомдол, мэдээллээр шалгажээ.
Улсын ерөнхий прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулсан ба 83 мөрдөгч, 12 прокурор ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 22, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 76 хүнийг яллагдагчаар татжээ. Тухайлбал, нийтийн албан тушаалтан 36, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 31 хүн яллагдагчаар татагдсан бол 9 нь хувиараа нүүрс тээвэрлэдэг болон гадаадын иргэд байна.
Яллагдагчаар татагдан шалгагдаж буй 10 хүнд цагдан хорих, 22 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 38 хүнд хувийн баталгаа гаргах, 3 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэгийн ажиллагаа явуулан, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
Мөн прокуророос аж ахуйн нэгж, байгууллагаас мэдээлэл баримт бичиг гаргуулан авах 18, нэгжлэг хийх 78, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 22 ажиллагаанд нийт 118 зөвшөөрлийг олгоод байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба