ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ОНЦЛОХ 22 ҮЙЛ ЯВДАЛ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ОНЦЛОХ 22 ҮЙЛ ЯВДАЛ

1. “ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-Д ОРОЛЦЛОО

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган”-д оролцож, хууль тогтоомжийн шинэтгэлийн ач холбогдлын талаар болон прокурорын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн биелүүлж ажиллаж байгаа талаар илтгэл тавьлаа.

2. ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар шаардлага тавьж буй сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч, уулзан,  холбогдох хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. 

3. “МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” АЯН ӨРНҮҮЛЖ 12 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлөөс Нийслэлийн бүсийн “Спортын Х бага наадам”-ыг “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулж, прокурор, ажилтнуудын дунд сайн дурын хандивын аяныг өрнүүлэн цугларсан 12 сая төгрөгийг Мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавих, судалгаа, мониторингийн ажилд зориулахаар Байгаль орчин аялал, жуулчлалын яамар дамжуулан Говийн Их дархан цаазат газарт хандвилалаа.

4. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ИГОРЬ ВИКТОРОВИЧ КРАСНОВТОЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцож, айлчлалын хүрээнд гадаад улсын ерөнхий прокуроруудтай уулзалт хийлээ.

5. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН БНХАУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЖАН ЖУНЬТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жуньтай өдөр цахим уулзалт хийж,  хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

6. АНУ-ЫН “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРТ 10 ПРОКУРОР ОРОЛЦЛОО

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, АНУ-ын Конгрессын харьяа “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 10 прокурор АНУ-ын шүүх, прокурорын байгууллагын тогтолцоотой танилцах хөтөлбөрт хамрагдлаа.

7. “ХУЛГАЙЛАГДСАН ЭД ХӨРӨНГИЙГ БУЦААН ОЛГОХ САНААЧИЛГА” /STAR/ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газар, Дэлхийн банкны хамтарсан байгууллага “Хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох санаачилга” /StAR/ байгууллагын Санхүүгийн сектор хариуцсан ахлах ажилтан Найжел Бартлет, Лиза Боствик нарыг хүлээн авч, прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд хамтран зохион байгуулсан сургалтуудын үр дүнгийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

8. “ХҮҮХДИЙН ЭРХ” НЭГДСЭН АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хүүхэд бүрийн төлөө” уриатай “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг санаачлан улсын хэмжээнд зохион байгууллаа.

9. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газраас 2022 оны 7 дугаар сард хэвлэлийн бага хурал зохион байгуулж, прокурорын байгууллагаас Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажлуудын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн хяналт, шийдвэрлэлтийн талаар иргэд, олон нийтэд танилцууллаа.

10. “ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”-ИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллагын чиг үүргийн хүрээнд хамаарах мэдээлэл, лавлагааг нэг дор төвлөрүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, хялбар хүргэх зорилгоор “Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбаруудад шинээр нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээ.

11. ИРГЭД PROKUROR.MN САЙТААР ДАМЖУУЛАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Прокурорын байгууллага иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргах өргөдөл, гомдлыг хүлээн авах үйлчилгээгээ цахимжуулж  prokuror.mn сайтаар дамжуулан өргөдөл, гомдол илгээх боломжийг бүрдүүллээ.

12. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 27 дугаар чуулга уулзалтад оролцлоо.

13. БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Улсын ерөнхий прокурорын газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Булганцэцэг нар БНАЛАУ-ын хууль, хяналтын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа.

14. РУМЫН УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ДАРГА, ЕРӨНХИЙ ПРОКУРОР КРИН-НИКУ БОЛОГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

15. ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх “Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулахад үр нөлөөтэй ярилцлага хийх зарчим” (Мендезийн зарчим)-ыг хуулийн байгууллагад нэвтрүүлэх, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцын нэр томьёоны зөв ойлголтыг тогтоох, эрүүдэн шүүсэн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн болон зөрчлийн хэргийн тоон мэдээллийг харилцан солилцох зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

16. ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРУУДАД ТЕХНИКИЙН ХЯНАЛТ, ХАМГААЛАЛТЫГ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байруудад техникийн хяналт, хамгаалалтыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа эсэхийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги,  29 цагдан хорих байрыг хамруулан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

17. БНХАУ-ЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа дээд болон бусад түвшний ажлын айлчлал хийх, тодорхой асуудлуудын хүрээнд ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном, товхимол гаргах, хил орчмын прокурорын газрын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээг хэрэгжүүлж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцлоо.

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД УЧИРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаменттай хамтран хэрэгжүүлж буй хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх зорилго бүхий Хүүхэд хамгаалал түншлэлийн компакт гэрээ”-ний  хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Мөрдөн шалгах тасагтай хамтран хийлээ.

19. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ШАЛГАЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авлаа.

20. “ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО, ХУУЛЬ ЗҮЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоо, хууль зүйн тогтолцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хоорондох хамтын ажиллагааг хангах, шаардлагатай асуудлаар санал солилцлоо.

21. ПРО ПОДКАСТЫН 100 ДАХЬ ДУГААР ОЛОН НИЙТЭД ХҮРЛЭЭ

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас долоо хоног бүр бэлтгэн гаргадаг хууль, эрх зүйн “Про подкаст”-ын 100 дахь дугаар олон нийтэд хүрлээ.

22. ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал оролцож, холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.