"Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгээс
/2022 оны арван хоёрдугаар сарын дугаар/
........................................
Прокурор өдөр тутмын үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх зарчмыг баримталан ажилладаг. Эдгээр зарчмын хүрээнд прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгдөг.
Прокурор зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг. Хяналтын чиг үүргийнхээ хүрээнд үндэслэлгүй авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, мөрдөгчөөс гаргасан саналыг шийдвэрлэх болон хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор мөрдөгчөөс санал, өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан, гомдол, мэдээлэл ирүүлсэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн, тохиолдолд тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор заавал хянан үздэг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба