УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлтэй "Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хангаж ажилладаг вэ?” сэдвээр ярилцлаа.
Эрүүгийн хуулиар нийгмийн амин чухал эрх ашиг, сонирхлыг гэмт халдлагаас хамгаалдаг бол Зөрчлийн тухай хууль тогтоомжоор Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагагүй нийгмийн бусад харилцааг хамгаалдаг. Зөрчлийн тухай хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг зааж, зөрчлийн шинжийг бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог. Нийгмийн хор аюул багатай үйлдлүүд түүнчлэн хууль, дүрэм, журам, норм, стандарт зөрчсөн эсхүл тодорхой нэрлэн заасан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үздэг байна.
Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хангах зорилгоор явуулж буй хэрэг бүртгэлт, уг ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаж буй эсэхэд тавих прокурорын хяналт, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхээр хянан шийдвэрлэх цогц ажиллагааг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгож болох юм.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч 4 төрлийн субъектийг хуулиар тогтоож өгсөн. Үүнд:
эрх бүхий албан тушаалтан,
зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан,
прокурор,
зөрчил хянан шийдвэрлэх шүүх.
Зөрчлийн хэрэг бүртгэлтэд зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд прокурорын хяналт хэрэгждэг бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, улсын хэмжээн дэх зөрчлийн тоо бүртгэлийг нэгтгэн хариуцдаг.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих явцдаа зөрчлийн хэрэг, материалтай танилцах нь зөрчлийг шалгах явц, ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж буй эсэхэд чиглэгдэх ба эрх бүхий албан тушаалтнаас нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн байдал, хүн, хуулийн этгээдийн эрх, ашгийг зөрчсөн эсэх зэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгнө.
Прокурор зөрчлийн хэрэг, материалыг хянах, танилцах явцдаа зөрчлийн хэрэг бүртгэлтийг бүрэн гүйцэд бодитой явуулах үүднээс тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр даалгавар өгч болох бөгөөд үүндээ дутуу хийгдсэн болон цаашид хийх ажиллагааны талаар тодорхой заана. Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хяналтын харьяа байгууллагын хэмжээнд, эсвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн тодорхой, зүйл хэсгийн хүрээнд дээд шатны прокуророор баталсан удирдамжийн дагуу шалгалт хийнэ. Шалгалтын зорилго нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам, хүн, хуулийн этгээд, төр, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг хянахад чиглэгдэх бөгөөд хууль зөрчсөн зөрчил илэрвэл арилгуулах арга хэмжээ авахад оршино. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн оролцогчдоос гомдол гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас хэрэг, материалыг авч даруй хянана. Зөрчлийн шинжгүй, илтэд гэмт хэргийн шинжтэй асуудалд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байвал хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар, харин хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуульд заасан хэмжээнээс их буюу бага торгууль ногдуулсан байвал түүнийг өөрчлүүлэхээр шүүхэд прокурор дүгнэлт бичнэ.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад тухайн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, зохих байгууллагад шилжүүлнэ.
Зөрчил нэрийн дор гэмт хэргийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулж, ял завшуулахгүй байхад прокурорын хяналт чиглэгддэг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба