Прокурор 2022 онд гэмт хэргийн талаарх 103.451 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 31.012 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, гэмт хэрэг үйлдсэн хүн нь тодорхой 13.184 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгуулсан байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 76.3 хувь нь Нийслэлд, 23.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэл өнгөрсөн оноос 32.411 буюу 45.6 хувиар өсжээ.
Прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 58.369, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 26.149 хэрэгт хяналт тавьж, 14.944 буюу 57.1 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалсан байна. Энэ нь өмнөх оноос 17.8 хувиар өсжээ.
Гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулан яллагдагчаар татагдсан нийт 18.495 иргэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас урьдчилан сэргийлж хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Үүнээс 822 буюу 4.4 хувьд нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 1561 буюу 8.4 хувьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Прокуророос хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн 21.2 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэгдсэн байна.
Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 228.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 790.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.
Прокурор гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 830 хэргийг шийдвэрлэснээс 5.340.079.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.
Прокурор хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мөрдөх байгууллагуудад нийт 157 шаардлага бичиж хүргүүллээ. Прокурорын шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 502 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.
Прокуророос 2022 онд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна. Тодруулбал,
Хулгайлах гэмт хэрэг 18.092 буюу 31 хувь;
Залилах гэмт хэрэг 14.096 буюу 24.1 хувь;
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6416 буюу 11 хувь;
Мал хулгайлах гэмт хэрэг 1863 буюу 3.2 хувь;
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1813 буюу 3.1 хувь;
Дээрэмдэх гэмт хэрэг 1677 буюу 2.9 хувь;
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1600 буюу 2,7 хувь;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 942 буюу 1,6 хувьтай байна.
Улсын хэмжээнд 2022 онд бүртгэгдсэн авлига, албан тушаалын 1383 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 3 хувиар өссөн байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 200 байна.
Авлигын гэмт хэргийн 60.1 хувь нь Нийслэлд, 39.9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгджээ.
Төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт Авлигын гэмт хэргийн 78 хувийг эзэлж байна.
Прокуророос Мөнгө угаах 336 хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, мөрдөн байцаалтын хэргийн 44 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөнгө угаах гэмт хэргийн 25.5 хувь нь Залилах, 19.6 хувь нь Хулгайлах, 13.9 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 13.3 хувь нь Авлига, 1.8 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээс 16 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэв.
Прокурор 2022 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 359 хэрэгт хяналт тавьж, 210 яллагдагчид холбогдох 188 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 236 хүний 0.8 хувь нь 45-аас дээш, 5.2 хувь нь 17 хүртэл, 14.8 хувь нь 31-44 насныхан байгаа бол 79.2% хувь нь 18-30 насны хүмүүс байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 91.9 хувь нь эрэгтэй, 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Прокурорын байгууллагаас 2022 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг 1123 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 2 хувиар буурсан байна. Үүнээс 616 хүнд холбогдох 432 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ.
Хүрээлэн байгаа орчны эрсэг гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган, Дорнод, Завхан аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.
Прокуророос 2022 онд хүүхэд хохирсон 2910 хэрэгт хяналт тавьсан. Үүнээс 2051 буюу 70.5 хувь нь Нийслэлд, 859 буюу 29.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон 2078 хүүхдийн 7.6 хувь нь 8 хүртэлх, 31.5 хувь нь 8-13, 60.9 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 1078, эмэгтэй 1000 хүүхэд байна.
Хүүхдүүд дийлэнхдээ Эрүүгийн хуульд заасан Өмчлөх, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ. Тодруулбал, Өмчлөх эрхийн эсрэг 981, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 703, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 703 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон байна.
Прокурор Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1462 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 1038 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Прокурор 2022 онд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 596 хэрэгт хяналт тавьж, 372 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр хэргийн 48.3 хувь нь Нийслэлд, 51.7 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, 26.4 хувь нь 18-30, 58.2 хувь нь 31-44, 13.9 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 95.8 хувь нь эрэгтэй, 4.2 хувь нь эмэгтэй байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 39 хувь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Мөн 32.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба