Прокурорын байгууллага 2022 онд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос 19.138 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч эрхийг нь хангаж ажиллалаа.
Иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 19.138 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч оролцогчдын эрхийг хангав. Үүнээс 733 буюу 3.8 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 15.878 буюу 83 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байгаа бол 302 буюу 1.6 хувь нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 129 буюу 0.7 хувь нь шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр гаргасан гомдол, хүсэлт байна.
Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1110 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оноос 1.7 хувиар буурсан. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 68.7 хувь нь хүний нөөцтэй холбоотой, 1.3 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой, 1.3 хувь нь мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой, 28.7 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, хүсэлт байна.
Прокурорын байгууллагаас 2022 онд олон нийтэд хүргэсэн мэдээ, мэдээлэл 60.7 хувиар өсөв.
Прокурорын байгууллагаас 2022 онд олон нийтэд нийт 2220 мэдээ, мэдээлэл бэлтгэж нийтэд хүргэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60.7 хувиар өссөн байна. Үүнээс хэвлэлийн мэдээ 1151, ярилцлага, тодруулга 403, нэвтрүүлэг 73, нийтлэл 67 байна.
Олон нийттэй харилцах чиглэлээр нийт 291 ажил, арга хэмжээ зохион байгуулж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба