Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт гарсан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2021, 2022 оны байдлаар судаллаа.
Тус аймагт 2021 онд гарсан зам тээврийн ослын 37.5 хувийг, 2022 онд гарсан ослын 50 хувийг жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байна.
Судалгаанаас үзэхэд ихэнх осол иргэд аялал, зугаалганд их зорчдог үеэр буюу зун, намрын улиралд гарсан байна.
Тодруулбал, 2021 онд өвлийн улиралд 4, хаврын улиралд 3, зуны улиралд 14, намрын улиралд 11 гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2022 онд өвлийн улиралд 5, хаврын улиралд 8, зуны улиралд 10, намрын улиралд 9 гэмт хэрэг үйлдэгджээ.
Харин замын нөхцөл байдлаас болж 2021 онд 5, 2022 онд 2 осол гарсан байна.
Аймгийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн зам тээврийн осол ихээр бүртгэгдсэн Ачуутын голын гүүр, Төлүүгийн даваа орчим, Оросын булаг, Уньт багийн төв орох эргэлттэй тойрог хэсэг, Дашинчилэн сумын төвөөр дайран өнгөрөх төв асфальтан замуудад анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч байрлуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ авхуулахаар Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хандсан байна.
Үүний үр дүнд тус салбар зөвлөлөөс шат дараалсан ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба