Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Төрийн албан хаагчид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулсан ял”-ыг 2021, 2022 оны байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд тус дүүргийн хэмжээнд 48 төрийн албан хаагчид холбогдох 45 эрүүгийн хэрэг шалгагдаж, 38 хэрэгт нь прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 19 нь төрийн тусгай, 27 нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа бол төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан хаагч тус бүр 1 хүн байна.
Дүүргийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн төрийн албан хаагчийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэг, “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги зэрэг газруудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Мөн судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар радио 88.8-д ярилцлага өгч, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба